Онцгой байдлын сургууль маш чухал

Хуучирсан мэдээ: 2013.02.02-нд нийтлэгдсэн

Онцгой байдлын сургууль маш чухал

Хурандаа П.Баттогтох: Гамшгийн өмнө зарцуулсан нэг төгрөг, гамшгийн дараах мянган төгрөгтэй тэнцдэг гэдэг

Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулийн захирал, хурандаа, доктор профессор П.Баттогтохтой уулзаж ярилцлаа.


-Өмнө нь онцгой байдлын байгууллагад ажиллаж байсан алба хаачдыг Цагдаагийн академи дээр мэргэшүүлэх хэлбэрээр сургадаг байсан. Харин өнгөрсөн оноос Онцгой байдлын сургуулийг анх удаа бие даасан статустайгаар байгууллаа. Ач холбогдол, давуу тал их байх нь ойлгомжтой?

-2012 оны 10 дугаар сараас Шинэчлэлийн Засгийн газрын бодлогын хүрээнд хууль зүйн салбарт олон ажил хийгдэж байгаагийн нэг нь Дотоод хэргийн их сургуулийг Хууль сахиулахын их сургууль болгон өөрчилж, өргөтгөсөн. Энэ өөрчлөлтийн хүрээнд Хууль сахиулахын их сургууль нь Удирдлагын сургууль, Цагдаагийн сургууль, Мөрдөгчийн сургууль, Хилийн сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль, Онцгой байдлын сургууль, Ахлагчийн сургууль, Ерөнхий эрдмийн сургууль гэсэн бүтэцтэйгээр эрдэм шинжилгээ, сургалтын үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа эрхэлж байна. Онцгой байдлын албанд шаардлагатай мэргэжилтнүүдийг мэргэшүүлэн сургах ажлын хүрээнд дээд сургуулиас их сургуулийн сургалт арга зүйн тогтолцоонд шилжих ажлыг үе шаттайгаар, цогцоор нь шийдвэрлэхээр ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд цаг уурын дулаарал болон хүний буруутай үйл ажиллагааны уршгаас үүдэлтэй 40-50 төрлийн гамшиг, осол, эдгээрийг байгалийн аюултай үзэгдэлтэй нийлүүлэхэд ойролцоогоор 100 шахам нэр төрлийн гамшиг осол байнга гарах болсон талаар дэлхийн эрдэмтэн, судлаачид өгүүлж байна.  Харин манай орны хувьд их газрын эрс тэс уур амьсгалтай, жилдээ дунджаар 20 гаруй нэр төрлийн гамшиг, 40-50 орчим байгалийн аюулт үзэгдэл байнга тохиолддог. Ганц манай улс биш  дэлхийн өндөр хөгжилтэй ямар ч улс орон байгалийн гамшигт үзэгдлийн өмнө хүчин мөхөсддөг. Гэтэл гамшиг осол, байгалийн аюулт үзэгдлийн давтамж цаашид улам нэмэгдэнэ гэсэн эрдэмтдийн таамаглал байна. Энэ бүхэнтэй тэмцэх, болзошгүй аюулаас иргэдээ хамгаалах, аврахын тулд Онцгой байдлын албыг байгуулсан. Онцгой байдлын алба хаагчид сайн ажиллаж байгаа. Харин алба хаагчдыг мэргэшүүлэх ажил хөрөнгө санхүүгийн хүчин чадлаас болж учир дутагдалтай байж магадгүй. Тиймээс алба хаагчдыг эх оронд нь бага зардлаар олноор нь мэргэшүүлэх ажлыг манай сургууль ирэх жилээс хийхээр төлөвлөн ажиллаж байна.

-Сүүлийн үед тохиолдох болсон цөөнгүй зүйлээс болж Онцгой байдлын алба хаагчдад иргэд эргэлзэх болсон. Хатуу сонсогдож магадгүй, гэвч үнэхээр онцгой нөхцөлд онцгой байдлын алба хаагчид иргэнээ хамгаалж, тэднийг аварч, тусалж чадахгүй байна шүү дээ гэсэн гоморхол ч цөөнгүй гарах болсон?

-Өнөөдөр Монгол орны хэмжээнд Онцгой байдлын албаны 4000 гаруй хаагчид, мөн Гамшгаас хамгаалах улсын албад, мэргэжлийн анги, салбар штабуудад томилгоожсон 70 мянга гаруй алба хаагч ажиллаж байна. Гэвч эдгээр хүн хүч, манай улсад томоохон хэмжээний гамшиг тохиолдлоо гэхэд шаардлага бүрэн хангахгүй гэдэг нь ойлгомжтой. Тиймээс дээрх нөхцөл байдлыг үндэслэн Онцгой байдлын сургуулийг өргөтгөж, ирээдүйд ажиллах алба хаагчдыг бэлтгэх, одоо алба хааж байгаа мэргэжилтнүүдээ илүү мэргэшүүлэхээр зорилт тавин ажиллаж байгаа маань  цаг үеэ олсон асуудал гэж үзэж байна. Нэг үгээр хэлбэл, манай сургуулийн төгсөгчид Онцгой нөхцөлд онцгой байдлаар ажиллаж  алба хаагчдыг бэлтгэж чадна гэж хэлмээр байна.

-Иргэдийн зүгээс онцгой байдлын алба хаагчид галыг бол унтрааж байна. Харин аврах үйл ажиллагааг иргэдийн сэтгэлд хүртэл хийж чадахгүй байна гэсэн гомдол хэлдэг. Тухайлбал, оны өмнөхөн Сэлэнгэ аймагт гарсан хүү, ээж хоёрын харамсалтай үхэл…?

-Ямарваа нэг осол гамшиг гарсан тохиолдолд тухайн газар ажиллаж байгаа алба хаагчийн удирдах чадвар их нөлөөлнө. Мэдээж, хэрэг явдал гарсан бүс нутгийн хууль зүйн салбарын байгууллагуудын хамтын ажиллагаа маш чухал. Ер нь ийм байдал ганц Сэлэнгэ аймагт биш бүхий л газар байна. Тиймээс энэ байдлыг өөрчлөхөд манай Хууль сахиулахын их сургуулийн цаашдын үйл ажиллагаа маш чухал. Зарим хүмүүс ярьж байгаа. Хүчний сургуулийг нэгтгэлээ гэж. Гэтэл эдгээр сургуулийг нэгтгэсэн биш, эдгээр байгууллагад алба хаах ирээдүйн боловсон хүчнүүдийг сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллахдаа ямарваа нэг асуудал үүсэхэд хамтарч ажиллаж чаддаг, ойлголцож ажиллаж, тухайн үед нь цаг алдалгүй оновчтой шийдвэр гаргаж, иргэд, олон нийтдээ хүрч ажиллаж чадах тэрхүү чадварыг эзэмшүүлэхэд оршиж байгаа юм.

-Хараад байхад, үүссэн нөхцөл байдалд ажиллаж байгаа онцгой байдлын алба хаагчид ямарваа нэг алдаа гарахад техникийн нөхцөл байдал муу, хангамж байхгүй гэх мэтээр шалтаг шалтгаан тоочдог. Хувь хүний, тухайн алба хаагчийн ур чадвар, хариуцлага орхигдоод байдаг. Бусад хүчин зүйлд нялзаах биш, үүргээ ухамсарлан хариуцлага хүлээх чадвар алба хаагчдаас гадна дарга нарт ч байх ёстой гэж ойлгодог?

-Тайван цагт хөлс их урсгавал дайны цагт цус бага урсана гэдэг үг байдаг. Гамшгийн өмнө зарцуулсан нэг төгрөг, гамшгийн дараах мянган төгрөгтэй тэнцэнэ ч гэдэг. Улс орон үргэлж ийм ядуу байхгүй. Цаг хугацааг урагшлуулах гол хүчин зүйл манай сургууль гэж харж байна, миний хувьд. Хуучин тогтолцооны үед ОХУ-д Батлан хамгаалахын чиглэлээр Иргэний хамаалалтын академи, дээд курсуудад, нийгмийн хамгааллын  чиглэлээр галын дунд дээд сургууль болон академид Онцгой байдлын албанд алба хаах боловсон хүчнийг бэлтгэж байсан. 1990 оноос энэ тогтолцоо алдагдаж, тухайн үеийн Цагдаагийн академийн дэргэд тэнхим байгуулан гал түймэртэй тэмцэх албаны офицеруудыг сургаж бэлтгэж байсан.

Өнөөгийн нийгмийн хөгжлийн зүй ёсны шаардлагын дагуу Онцгой байдлын сургуулийг их сургуулийн бүрэлдэхүүн сургууль болгон өргөтгөн зохион байгуулсан. Ингэснээр Онцгой байдлын сургуулийн үйл ажиллагааг бэхжүүлж, онцгой байдлын албанд шаардагдах хүний нөөцийг сургах, алба хаагчдыг мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх зэргээр сургалтын үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой болж байна. Монгол улс хөдөө аж ахуйн орон. Хүн малын гоц халдварт өвчин, шинэ болон шинээр сэргээгдэж байгаа өвчин гарах  тохиолдол нэмэгдэж байна. Онцгой байдлын албанд  энэ талын мэргэжилтэй боловсон хүчний шаардлага гарч байна. 2012-2013 оны хичээлийн жилд Онцгой байдлын сургууль Онцгой байдлын албаны ажилтан, эрх зүйч гэсэн мэргэжлээр, мөн гамшгаас хамгаалах менежер, гал түймэртэй тэмцэх менежер гэсэн хоёр чиглэлээр сургалт зохион байгуулж байна. 

Харин 2013-2014 оны хичээлийн жилд Онцгой байдлын сургуулийн үйл ажиллагаа илүү өргөжин нэмж  зургаан тэнхим, нэг клиник сургалтын төвтэй нийтдээ  13  мэргэжлээр мэргэшүүлэх боловсон хүчин бэлтгэнэ. Онцгой байдлын сургуульд шинээр гамшгийн эрсдэл, дэд бүтэц сэргээн босголтын удирдлага, гамшгаас хамгаалах хөдөө аж ахуйн удирдлага, ус цаг уур орчны шинжилгээ болон үнэлгээний мэргэжилтэн, онцгой байдлын эдийн засаг, санхүү нөөцийн мэргэжилтэн, аврах гал унтраах, техник хэрэгслийн ашиглалтын мэргэжилтэн цацраг идэвхит болон химийн хордолтоос хамгаалах мэргэжилтэн, ар тал хангалт нөөцийн удирдлагын мэргэжилтэн зэрэг мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэнэ.

-Онцгой байдлын сургуулийн сургалтын төлбөр хэд байдаг бол. Төгсөөд ажлын байр бэлэн байдаг нь давуу тал болдог байх?

-Манай сургуулийн сонсогч оюутнуудын хувьд давуу тал их. Төрөөс төлбөрийг нь бүрэн хариуцдаг, төрийн  тусгай албаны боловсон хүчин болон бэлтгэгддэг. Онцгой байдлын ерөнхий газрын захиалгаар элсэгч, сонсогчдын тоог тогтоодог болохоор сургуулиа төгсөөд ажлын байр нь бэлэн. Тиймээс Онцгой байдлын сургуульд элсэн орж, суралцаж байгаа тухайн хүнээс өөрөөс нь бүх зүйл шалтгаална. Манай улсад өнөөдрийн байдлаар 3000 гаруй аврагч-гал сөнөөгчид ажиллаж байна. Тиймээс эдгээр алба хаагчдыг мэргэшүүлэх, мэргэжлийн карьерийг нь өсгөн нэмэгдүүлэх ажлын хүрээнд Онцгой байдлын сургууль 2013-2014 оны хичээлийн жилд эчнээ ангид элсэлт авна. Мөн Гамшгаас хамгаалах чиглэлээр магистр докторын сургалтад ирэх хичээлийн жилд шинээр элсэлт авна.  Энэ жилийн хувьд ахисан төвшинд буюу цөөн тооны хэлтэс, тасгийн дарга нарыг Удирдлагын сургуульд мэргэшүүлэх сургалтад хамруулсан. Онцгой байдлын сургуульд багшлах бүрэлдэхүүнийг эрдэмжүүлэх чиглэлээр сургуулийн удирдлагын зүгээс ихээхэн анхаарч ажиллаж байна. Удирдлагын академи, БНСУ, Япон улсад гамшгийн чиглэлээр зэрэг хамгаалсан эрдэмтэн багш нартай хамтарч байна. Манай сургуулийн үйл ажиллагаа өргөжихийн хэрээр багшлах боловсон хүчинг нэмэгдүүлэх шаардлага  гарч байна.  Ирэх хичээлийн жилд Онцгой байдлын сургууль  60 гаруй багшийн  орон тоотойгоор ажиллах болно. Эрдмийн зэрэгтэй, өндөр мэргэжилтэй багшлах ур чадвартай хүн шаардлагатай байгаа. Тиймээс багшлах боловсон хүчнийг шалгаруулах нээлттэй тендерийг зарлахаар төлөвлөж байна. Мэдээж, Хууль сахиулахын их сургуулийн удирдлага, Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан дүрэм журмын дагуу багшлах боловсон хүчин бэлтгэх тендер нээлттэй явагдах болно.

-Та энэ салбарт удаан жил ажилласан алба хаагч. Сэтгэлээс гардаггүй ажиллагаа цөөнгүй байдаг байх. Манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-1995 оны өвөл  -35 хэмд Дорнод аймгийн Буйр нуурт живсэн дөрвөн хүнийг аврах ажиллагаанд оролцож байсан. Тэр үед  би Хилийн хорооны захирагчаар ажиллаж байсан. -35 хэмийн хүйтэнд Буйр нууранд живсэн иргэдийг аврах техник хэрэгсэл орон нутагт байгаагүй. Тухайн нөхцөл байдалд ажиллаж байсан алба хаагчдын хувьд хамгийн богино хугацаанд боломжит хувилбарыг ашиглаж, аврах ажиллагааг явуулах хэрэгтэй байсан. Тиймээс хилийн отрядын дарга Монгол Улсын хилийн бүрэн эрхэт төлөөлөгчөөр дамжуулан хөрш зэргэлдээ Читийн  иргэний хамгаалалтын бүс нутгийн удирдлагын дарга, генерал Лешенкотой холбоо барьж, тусламж авснаар тэдгээр дөрвөн иргэнийг аварч байлаа.  Энэ хэрэг гарснаас таван жилийн дараа 2000 онд манай аврагчид Хөвсгөл нууранд 70 гаруй метрт живсэн машиныг гаргаж байсан.

Л.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж