Урлагийнхны томилгоо эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.02.02-нд нийтлэгдсэн

Урлагийнхны томилгоо эхэллээ

Долоо хоногийн ажлын сүүлийн өдөр урлагийн зарим байгууллагынхны хувьд халаа сэлгээ хийгдсэн өдөр байлаа.  

Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Дуурь, бүжгийн эрдмийн театрын захирал Б.Сэргэлэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан учир өчигдөр тэрбээр албан тушаалаа дараагийн хүндээ хүлээлгэн өглөө. Дуурь бүжгийн эрдмийн театрын шинэ удирдлагаар МҮОНТ-ийн найруулагчаар ажиллаж байсан гэх Ч.Мөнхзул томилогджээ.

Тус театрын менежер, захирлын албыг олон жил хашсан Б.Сэргэлэн захирлыг Монголын сонгодог урлагийг хөгжүүлэх, театрын үйл ажиллагааг зах зээлийн тогтолцоонд хөл нийлэн ажиллах  менежментийг амжилттай нэвтрүүлсэн гэж урлагийн хүрээнийхэн үздэг. Ялангуяа Монголын сонгодог урлагийн салбарын гадаад харилцааг хөгжүүлэхэд түүний хийсэн ажлууд их болохыг, түүнийг үргэлжлүүлэн ажиллахыг шинэ захирал анзаарах биз ээ.

Түүнчлэн сонгодог урлагийн цорын ганц театрын захирлыг өөрчилсөн энэ томилгоотой хамт урлагийн бас нэг байгууллага шинэ даргатай болсон нь Уран зургийн галерей. Тус галерейн захирал А.Чадраабалыг өчигдөр мөн үүрэгт ажлаас нь чөлөөлж,  Н.Батбаатарыг түүний оронд захирлаар томилжээ. Саяхан бас Улсын драмын эрдмийн театрын дэд захирал Н.Сувдыг ажлаасаа чөлөөлөгдсөн гэх мэдээлэл гарсан ч энэ нь үндэслэлгүй мэдээлэл байсныг холбогдох хүмүүс хэлсэн. Гэхдээ юмыг яаж мэдхэв. Урлагийн байгууллагынхныг хөдөлгөж байгаа эдгээр томилгоо Драмын театрт ч бас байгааг үгүйсгэх аргагүй юм.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж