Бразилийн Санта Мариа хотод “Kiss” шөнийн клубт гал гарч, 230 гаруй хүн амь үрэгдэж, зуу гаруй хүн гэмтэж, бэртсэн аймшигт хэрэг хэдхэн хоногийн өмнө гарсан билээ. Бразилийн албаныхан тус шөнийн клубт гал гарсан хэргийг шалгах ажиллагааг үе шаттайгаар явуулж байгаа бөгөөд анхан шатны мөрдлөгийн дараа тус шөнийн клуб аюулгүй байдлыг маш муу хангасан байсныг олж тогтоожээ. Үүнтэй холбоотойгоор албаныхан тус улсад дахин ийм эмгэнэлт хэрэг гаргахгүйн тулд бар, шөнийн цэнгээний газар, ресторан, кафенуудад шалгалт хийж, аюулгүй байдал хангаагүй болон зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 150 гаруй газрыг илрүүлэн, хаах арга хэмжээ авсан байна. Түүнчлэн Бразилийн цагдаа нар өнгөрсөн дөрвөн өдрийн дотор нийт 209 цэнгээний газрыг шалгасны 199 нь ямар нэгэн зөрчилтэй байсан бөгөөд тэднээс 127-г нь түр хугацаагаар хааж, хариуцсан эздэд зөрчлийг арилгах 30 хоногийн хугацаа өгчээ. Энэхүү шалгалтаар Бразилийн нийслэл Бразилиа хотод 16 шөнийн клуб зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан илэрсэн бол тус улсын хамгийн том хот Сан-Паолод 24 шөнийн клуб ямар нэгэн зөрчилтэй байсныг илрүүлсэн байна. Бразилийн цагдаа нарын мэдээлснээр шөнийн цэнгээний газруудад голдуу аваарын гарцын чиглэл тодорхойгүй, саадтай, галын дохиолол ажилладаггүй, гал унтраах багаж хэрэгсэл байхгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Бразилийн цагдаа нар “Kiss” шөнийн клубт гал, гарсан хэрэг буруутган шөнийн клубын эзэд, Gurizada Fandangueira хамтлагийн дуучин, шоу менежер нарыг баривчлан саатуулаад байгаа билээ.
Б.АНХТУЯА