АНУ, Хятадын эдийн засгийн “дайн” удахгүй эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

АНУ, Хятадын эдийн засгийн “дайн” удахгүй эхэлнэ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Сангийн сайд Тимоти Гайтнер нар Хятадад айлчлал хийж байна. Тэд Хойд Солонгост хатуухан “шийтгэл” ногдуулах асууд­лаар Хятадын дэмжлэгийг авах сонирхолтой байгаа. Үүнээс гадна АНУ-ын ал­баны төлөөлөгчдийн ярих гол сэдэв нь эдийн засаг юм.

БОДЛОГОО ХЭВЭЭР ҮЛДЭЭХЭД ШАЛТАГ МУНДАХГҮЙ

Албаны 200 гаруй хү­мүүс оролцож буй энэхүү айлч­лалыг Ерөнхийлөгч Барак Обамагийн ойрын таван жилийн дотор Америкийн экспортыг тав дахин нэ­мэгдүүлж, хоёр сая ажлын байр шинээр бий болгоно гэх амлалтыг бодит биелэл болгохын тулд хийж байна гэхэд болно.
Хятадын хувьд юанийн ам.доллартай харьцах хан­шаа тогтвортой барьсан нь АНУ-тай хийх худалдаанд ашиг олоход нөлөөлсөн. Харин сүүлийн үед үүсээд буй шинэ нөхцөл байдал нь Хятадын зүгээс валютын ханшаа чөлөөлөхгүй байх нэг шалтаг бий болгожээ.
Европын санхүүгийн хям­рал хүндрэхийн хэрээр Бээжингээс валютын бод­логоо өөрчлөхгүй гэдгээ мэдэгдэх болсон. Үүнийгээ еврогийн ам.доллартай харь­цах ханш сүүлийн дөр­вөн жил дэх хамгийн ба­га түвшинд хүрсэн нь Хятадын экспортлогчдод хүнд тусч байгаатай холбон тайлбарлажээ.
Сүүлийн хоёр жи­лийн туршид Хятад нэг ам.долларыг 6.83 юань­тай тэнцүүлж, энэхүү харь­цааг хүчээр барьсаар ир­­­­сэн. Энэ нь дэлхийн сан­хүү­гийн хямралын үеэр экс­портлогчдынхоо өр­сөл­дөх чадварыг сайжруулах гэсэн оролдлого гэдэг нь хэнд ч ойлгомжтой.
Үнэн хэрэгтээ юанийн бодит өртөг нь одоогийн ам.доллартай харьцаж буй ханшаас 40 хувь дээгүүр байгааг зарим эдийн засагч нотолсон. Ийнхүү үйлдвэрлэсэн ба­раа бүтээгдэхүүнээ хямд үнээр худалдаалах бо­ломжтой болсон Хятадын экспортлогчдыг шударга өр­сөлдөөнт зах зээлийг сүйрүүлэн “валют завшигч” гэж Б.Обама хэлсэн удаа­тай.  
Хятадын эдийн засаг АНУ-ын тогтоосон жишгээр бол маш хүчирхэг болж байна. Дотоодын нийт бү­тээгдэхүүн нь өнгөрсөн онд л гэхэд есөн хувиар өссөн. Хэдийгээр хямралын өмнөх жилтэй харьцуулахад арай бага байгаа ч, АНУ, Япон зэрэг хөгжингүй оронтой харьцуулахад өсөлт нь асар хурдацтай явж байна. Гэхдээ өөр асуудал ч бас бий.
Олон улсад худалдааны дайн үүсгэж, голлон тоглогчид нь болох гээд байгаа Хятад, АНУ хоёрын эдийн засгийг харьцуулж үзье.
Хятадын Засгийн газрын урьдчилан тооцож буйгаар энэ онд тус улсын төсвийн алдагдал 1.05 их наяд юань болж нэмэгдэх юм. Хятадын түүхэн дэх нэгэн шинэ дээд амжилт. Гэхдээ үүнийг нь ам.доллар руу хөрвүүлэн бодох юм бол ердөө 150 тэрбум ам.доллараас хол давахгүй. Энэ нь АНУ-ын Засгийн газар төсвийн алдагдлаа урьдчилан тоо­цож гаргаснаас 25 хувиар бага юм.
Хятад төсвийн ал­дагд­­лаа дотоодын нийт бү­тээг­дэхүүний 2.8 хувьтай тэнцэх зорилго тавьжээ. Харин АНУ-ын алдагдал нь үндэсний нийт бүтээгдэхүүний 11 хувьд нь хүрч байна. Эндээс хямд өртөгтэй юанийн хэрэг бас гарч байна.

ХЯТАДАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮР ӨГӨӨЖ НЬ БИЙ БОЛООГҮЙ

Одоо Хятадад хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа. Гэхдээ энэ нь тийм ч тууштай үргэлжлэхгүй гэдгийг эдийн засагчид онцолж байна. Тус орны эдийн засгийн өсөлтийг илэрхийлэх гол үзүүлэлтүүд нь үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн бүтээн байгуулалтаас түлхүү ха­маарч байна. Өөрөөр хэл­бэл, Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь хэр их хөрөнгө оруулснаар тооцогдож байгаа болохоос хөрөнгө оруулалтын үр өгөөжөөс үл хамаарсан тоон үзүүлэлт төдий аж. Тиймээс асар их хэмжээний хөрөнгө оруулалт дотооддоо хийж байгаа нь эргээд сөрөг үр дагавар авчрах эрсдэлийг нэмэгдүүлж, ирээдүйд эдийн засагт муугаар нөлөөлөх магадлалтай.
Хятадад одоо инфляци том асуудал болоод байна. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл хэтэрхий өргөжиж байгаад бүтээн байгуулалтын ажлыг нэмэгдүүлсэнтэй холбон тайлбарлаж болох юм. Тус улсын Засгийн газраас макро эдийн засагтаа хангалттай зохицуулалт хийгээгүй байж, бүтцийн шинэчлэл рүү хэт анхаарчээ.
Хямд валютын нэг сул тал нь импортын өртгийг нэмэгдүүлэх. Үйлдвэрлэгч орон байхын тулд Хятад асар их түүхий эдийг гаднаас худалдаж авч байна. Гэхдээ дэлхийн нийт хүн амын 20 гаруй хувь нь амьдардаг энэ улс яаж жил бүр олон тэрбум ам.долларыг түүхий эд, гадны эрчим хүчний эх үүсвэр худалдан авахад зарцуулж, дэлхийн эдийн засгийн тэнцвэрийг бий болгох юм бэ. Хүн амынх нь дийлэнх нь амьжиргааны түвшин доогуур, ядуу тарчиг амьдрал дунд өдөр хоногийг өнгөрүүлж байж тэд яаж энэ асар их хөрөнгийн урсгалыг хадгалсаар байх юм бэ.

АМЕРИКЧУУД ХҮЛЭЭЖ ЧАДАХ БОЛОВ УУ

Өнгөрсөн жил АНУ зөв­хөн Хятадтай хийсэн ху­далдаандаа 226 тэрбум ам.долларын алдагдалд ор­сон. Түүнчлэн тус улсад Хятадын хямд өртөг бү­хий экспортын бараа бү­тээгдэхүүнүүд дүүрч, дотоо­дын үйлдвэрлэгчдийнх нь өрсөлдөх чадвар суларч, цаашлаад ажилгүйдлийн түвшин нэмэгдэхэд нө­лөөлсөн юм.
Үйлдвэрлэгчдийнхээ өрсөл­дөх чадварыг сайж­руулахын тулд АНУ-ын Холбооны нөөцийн банкнаас мөнгөний тэлэх бодлого баримталж бодлогын хүү­гээ бараг л 0 хувьтай бол­гочихоод байна. Тус улсад ажилгүйдлийн түвшин хэ­дийнэ хоёр оронтой тоо­гоор хэмжигдэж эхэлсэн. Тиймээс америкчууд юа­нийн ам.доллартай харьцах тогтвортой ханшийг өөрч­лөхийн төлөө юу ч хийхэд бэлэн байна. Тайваньд зэвсэг нийлүүлсэн асуудал, Далай ламын урилга, “Google”-ын маргаан зэрэг хоёр орны харилцааг хур­цатгасан олон асуудал бий. Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын тахианы махны импортод Хятад хориг тавьж, Хятадын дугуйн худалдаанд АНУ тариф тогтоож л байсан. Бие биенээ өдөөн турхирсан эдгээр үйлдлийн цаадах жинхэнэ шалтгаан нь юанийн хатуу ханш гэдэг нь илэрхий юм. Гэхдээ одоо энэ хурцадмал байдал харьцангуй намжиж байна. Америкчууд ч Хятадыг “валют завшигч” гэж албан ёсоор нэрлэхээ больсон. Өнгөрсөн сард АНУ-ын Сангийн сайд Т.Гайтнер тус улсад мөн л айлчлал хийж байв. Хятадын тал ч юанийн ханшаа чөлөөлөх найдвар төрүүлсээр удаж байна.
Их гүрнүүдийн төлөө­лөгчид энэ долоо хоногт уулзаж ярилцана. АНУ-ын талын сонирхол дээр дурьдсанчлан илэрхий бай­на. Харин манай өмнөд хөршийнхөн юу санал болгох бол. Тэд экспортоос хамааралтай эдийн зас­гаа богино хугацаанд до­тоодын хэрэглээнд түшиг­лэсэн эдийн засаг болгож чадахгүй. Иймэрхүү шинэч­лэлийн явц нь аажим ал­гуур хийгддэг. Тиймээс Бээ­жингээс хурдацтай яваа эдийн засагтаа гэнэтийн хазаарлалт хийж, эрсдэлд оруулахгүй нь ойлгомжтой юм. Тэгэхээр одоо яах вэ. Худалдааны дайны гал хэзээ дүрэлзэхийг хүлээгээд суух юм болов уу.
Цөөн үгээр дүгнэе. Хэ­рэв АНУ Хятадын валю­тын бодлого алгуур өөрч­лөгдөхийг хүлээж тэсэхгүй бол тэр цагт худалдааны дайн албан ёсоор эхэлсэнд тооцож болох юм. Хэн ч өөрийн эрх ашгаа хам­гаалахыг хүсдэг шүү дээ.

Т.Элиса.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж