Оюутолгойн асуудлаар нэг байр суурьтай байх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2013.02.01-нд нийтлэгдсэн

Оюутолгойн асуудлаар нэг байр суурьтай байх хэрэгтэй

Энэ хоёрдугаар сарын 6-ны өдөр Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хурал болох гэж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүдийн Засгийн газрын мэдээлэл сонсох цагаар өнөөдөр буюу баасан гаригийн үдээс хойш 15.30 цагаас Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцлоо. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нарын албаны хүмүүс оролцов.
Ерөнхий сайд мэдээлэл хийж, УИХ-ын гишүүд асуулт хариулт өрнүүлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч асуулт асууж үг хэлсэн юм.Нийт таван бүлэг, 15 асуудалд анхаарах хэрэгтэй гэв. Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ

“Нэг. Монгол Улс Оюутолгойд хууль ёсны байр сууриа эзэлье.

-Удирдлага, гэрээ эрх зүй, санхүүд Монгол хүн ямар боломжтой байна, тэр хэрээр оролцъё.

-Санхүүгийн ил тод байдал алга. Монгол Улс нягтлан бодох бүртгэл, санхүүгийн хуультай орон.

-Монголын аж ахуйн нэгжүүдийн оролцоо байх ёстой. Бараа, үйлчилгээ нийлүүлж Монголын олон аж ахуйн нэгжүүд босч ирэх ёстой. Шалгарсан аж ахуйн нэгжүүдээ ил тод зарлах ёстой.

Хоёр. Менежмент, төлбөрийн үйлчилгээний талаар

-Нийт төлбөр мөнгөний гурван хувь, тууз хайчилснаас хойш зургаан хувийг төлж байна. Дэлхийн жишгээс 2,5 дахин өндөр зардал гаргаж Монгол Улсад ажиллаж байна. Баялгийн эзэн Монгол Улсад таван хувь, үйлдвэрийг удирдаж байгаа дарга нарт зургаан хувь ногдож байна.

Гурав. Төслийн санхүүжилттэй холбоотой.

Өмнөх зардал зэргээ бодоод 5,1 тэрбум ам.доллар гэж байтал 7,1 тэрбум болжээ. Анх 14,6 тэрбум ам.доллар төлж байж нийт бүтээн байгуулалт явна гэтэл 24,4 тэрбумыг төлөхөөр болж 9,4 тэрбум ам.доллараар хэтрэхээр болсон байна.

Дөрөв. Ордыг тойрсон нэмэлт шийдвэрлэх таван зүйл байна.

-Монгол Улсын банк, санхүүгийн байгууллагаар үйлчлүүлж байх хэрэгтэй. Бээжинд суугаад ханган нийлүүлт хийнэ гэж одоо байхгүй. Яагаад “Рио Тинто” Монгол Улсын банк, санхүүгийн байгууллагын гадуур байх ёстой юм бэ.

-Бүтээгдэхүүнээ зөөх гэтэл төмөр зам, авто зам байхгүй. Одоо авто замаа түргэн тавь. Эрчим хүчний хангамж байна. Тавантолгой дээр цахилгаан станц барья. Түүнээс цахилгаанаа авъя.

-Гэрээ байгуулахдаа зэсээ боловсруулна гэсэн. Эрдэнэтэд гарч ирж байгаа баяжмалыг судалдаг лаборатори байдаг. Үүн шиг хөндлөнгийн лаборатори байх ёстой. Баяжмал дотор юу байгааг судлах хэрэгтэй.

Тав. Орон нутаг, ажилчид, байгаль орчинтой холбоотой асуудал байна.

Ханбогд сумыг түшиглэж сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлчилгээ, соёлын байгууллага байгуул. Гол анхаарах зүйл нь усны хангамж. Цаашдаа гүний бус гадаргын ус ашиглах. Ус тойрсон асуудал бүдэг бадаг байна. Тоосжилт, ус, байгаль орчны асуудлыг одооноос хоёр талаасаа ярих хэрэгтэй. Үйлдвэрлэлийн нөлөөлөд өртөх хүн ам, малчид, эмзэг бүлгийнхэн, мал сүрэг, ан амьтдыг анхаарах хэрэгтэй. Гадаад, монгол ажилчид ижил цалин авах ёстой.

Өнөөдөр эдгээр асуудлаар нэгдмэл ойлголтод хүрэх гэсэн юм.

ҮАБЗ дээр гурван зүйлийг оруулсан.

-Монгол Улсад татварын хоёр орчин байх ёсгүй.

-Зэсээр баяжмал хийнэ. Цаашид дотооддоо хайлуулна.

-Стратегийн хөрөнгө оруулагч, өөрөөр хэлбэл, “Рио Тинто” өөрчлөгдөхгүй.

Ашигт малтмалын бизнес тод ул мөр үлдэдэг. Хөгжил дэвшил, бүтээн байгуулалт үлдээе. Хүнийхээ сэтгэл санаа, газар дээрээ шарх сорви үлдээхгүй байя. Монголд хуулийг яаж хэрэгжүүлдэг юм, яаж хууль хүндэтгэдэг юм гэх зэрэг соёлыг үлдээх ёстой. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх ёстой.

Монгол Улс нээлттэй, ардчилсан, ард түмэн нь эрхээ шаарддаг, хуулийн дагуу хэрэгждэг улс. Хууль, төр ёсыг дэлхийд тогтоож явсан оронд хөроөнгө оруулж яваагаа гадаадын хөрөнгө оруулагчид ойлгох ёстой. “Рио Тинто”-гийн энэ асуудлыг хариуцсан хүмүүсийг Монголд урьж ирүүлж ярилцах ёстой. Гуравдагч талын хөрөнгө оруулалт Монголд орж ирэх ёстой гэж үздэг. Үүнийг дураараа ашиглах хэрэгсэл болгох ёсгүй. Монгол Улс төмөр зам, эрчим хүч, бензин шатахууны асуудлаа шийдвэрлээд авах хэрэгтэй.

Улаанбаатарт нэг ч ашигт малтмалгүй мөртлөө Улаанбаатарт энэ асуудал яригдаад байдаг. Д.Ганхуяг сайдын ам бол Монгол Улсын ам. Аж ахуй талыг Ц.Сэдванчиг дарга хариуцна. “Эрдэнэс Монгол” аж ахуйн талаас хариуцна. Ажилладаг бүтэц болгоё. Оюутолгойгоос авах сургамжаа авсан шиг аваад хуульдаа тусгая. Алдаа гаргасан бол шинэ хуулиараа засъя.

Монгол Улс хууль, гэрээ зөрчсөн юм шиг яриа гадна талд яваад байгаа. Монгол Улс хууль, гэрээ зөрчөөгүй. Харин хөрөнгө оруулагчдаас ийм зүйл гарч байна. Хариуцлагаа нийлж үүрдэг байя. Монголын хариуцлага мэтээр гадагш ярьж нэр төрөө унагаахаа больё. Цааш цаашдын УИХ, Засгийн газарт сургамж болох ёстой. Хаана очоод босго, улаан шугам дуусч байгааг тодорхойлж өгье.

Оюутолгойн асуудлаар нэг байр суурьтай байгаа. Нэг амтай байх ёстой. Мэргэжлийн хүчирхэг сайн баг бүрдүүлэх ёстой. Сайн хүн авч ажиллуулахын тулд санхүүжилт хэрэгтэй. Мөнгө ч, цаг ч хэрэгтэй” гэлээ.

                                                                                    Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж