Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:-Оюутолгой төслийн Техник эдийн засгийн үндэслэл өөрчлөгдсөн байна. Энэ тохиолдолд Уул уурхайн яамны харьяа Эрдэс баялгийн зөвлөлд Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ээ танилцуулж дахин батлуулах ёстой, Эрдэс баялгийн зөвлөлд хандсан уу?
Уул уурхайн сайд Д.Ганхуяг:-ТЭЗҮ өөрчлөгдсөн нөхцөлд Эрдэс баялгийн зөвлөлд хандах ёстой гэдгийг Монгол Улсын хуульд ч, “Оюутолгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээнд ч заасан. Гэвч хөрөнгө оруулагчид энэ үүргээ биелүүлээгүй. Нэг удаа ойлгомжгүй тайлбар өгсөн байсан. Түүнийг нь буцаасан юм билээ гэлээ.
Ерөнхийлөгч асуул тавьж хариулт авсныхаа дараа Уул уурхайн сайдад хандаж “Оюутолгой”-н хувь нийлүүлэгчдийн хуралдаан болоход дараах шаардлагыг тавихыг хүслээ. Үүнд:
Нэгдүгээрт, “Оюутолгой”-д Монгол Улс хууль ёсныхоо байр суурийг эзлэе. Асуудал шийддэг анхаарал татдаг хэлтэс бий, түүнд нь монгол хүнээ оруулъя. Бүх төвшинд нь монгол хүн оролцдог болох цаг нь болсон.
Хоёрдугаарт, “Оюутолгой”-д санхүүгийн үйл ажиллагааны хяналт ил тод байдал алга. Монгол Улс хуультай улс. Хуулиа биелүүлцгээе.
Гуравдугаарт, Хяналт тавьдаг бүтцийг бий болгох. Дотоодын аж ахуйн нэгжүүдийн оролцооны асуудал бас яригдаж байна. Үүнийг бас ажил хэрэг болгох ёстой гэлээ.