
Үүнд хэд, хэдэн шалтгаан үүсчээ. Тухайлбал, гэрээ байгуулах үед хөрөнгө оруулагчдын зүгээс “Оюутолгой” компанийн анхны бүтээгдэхүүн гарах хүртэл хөрөнгө оруулалт 4.4 тэрбум ам.доллар, үүн дээр 2010 оноос өмнөх хөрөнгө оруулалтаа нэмбэл 5.1 тэрбум ам.доллар болно гэж мэдэгдэж байсан аж. Мөн Техник эдийн засгийн үндэслэлд ч ингэж тусгасан. Гэтэл 2012 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр хөрөнгө оруулалт 7.1 тэрбум ам.доллар болж өссөн. Энэ нь анхны хөрөнгө оруулалтаасаа хоёр тэрбум ам.доллараар өсчихөөд байгаа. Анхны хөрөнгө оруулалт ямар шалтгааны улмаас ийн 2 тэрбум ам.доллараар өссөн шалтгааныг тодруулж өгөхийг хүсэхэд “Рио Тинто” компанийнхан тодорхой тайлбар хийгээгүй. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад Уул уурхайн сайд Д.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан энэ асуудалд хариулт шаардсан ч хариулт өгөөгүй гэнэ. Гэхдээ Ажлын хэсгийнхэн энэ хугацаанд хөрөнгө оруулагч талтай хэд, хэдэн удаагийн уулзалт хийснээр ямар ч байсан энэ сарын 6-нд Оюутолгой компанийн хувь нийлүүлэгчдийн хуралдааныг хийхээр болсон. Тиймээс тус хуралдаанаар хэлэлцэх асуудлын нэгд дээрх асуудал багтжээ.
Хувь нийлүүлэгчдийн хуралдаанаар хөндөх хоёр дахь асуудал нь үндэсний аж ахуйн нэгжийг дэмжих, туслан гүйцэтгэгчээр ажиллах боломжийг хангуулах тухай аж. Мөн ордыг ашиглахдаа дэвшилтэт техник ашиглана гэж гэрээнд заасан боловч одоо хөрөнгө оруулагч тал сорчилж ашиглах байдал ажиглагдах болсон тул эл асуудал ч хувь нийлүүлэгчдийн хуралдаанаар хөндөгдөх юм байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг дээрх мэдээллийг хийснийхээ дараа бид хөрөнгө оруулагч талд хуулиас давсан зүйл шаардаагүй гэдгээ мэдэгдлээ.