Авлигад “алдсан” Монголоо эргүүлэн авч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.02.01-нд нийтлэгдсэн

Авлигад “алдсан” Монголоо эргүүлэн авч эхэллээ

Бүтэн гурван өдөр үргэлжилсэн шүүх хуралдааны эцэст Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягт шүүхээс 6,6 жилийн ял оноож, таван сая төгрөгийн өмч хөрөнгийг нь албадан хураах шийдвэр гарсан байна. Шүүх түүний хууль бусаар олгосон 109 лицензийн 107-г нь хэрэгсэхгүй болгожээ.

Энэ хэрэг өнгөрөгч УИХ-ын сонгуулийн өмнө эхэлсэн билээ. АМГ-ын даргаар ажиллаж байсан Д.Батхуяг МАН-аас сонгуульд нэр дэвшихийн тулд ажлаа өгөн Ерөнхий сайд Сү.Батболдын зөвлөхийн албан тушаалд дэвшээд Хөвсгөл аймагт сонгуулийнхаа сурталчилгааг эхлүүлэхээр явсан билээ.

Гэвч сонгуулийн сурталчилгаа дуусч байх үед АТГ-аас түүнийг “АМГ-ын даргаар ажиллаж байхдаа хууль зөрчиж, лиценз олгосон” хэмээн баривчлан саатуулсан. Тухайн үед түүний хууль бусаар олгосон лицензийн тоо 192-оор тоологдож, хамгийн том нь Өмнөговь аймгийн Овооттолгойн ордод үйл ажиллагаа явуулж байсан “Саусгоби сэндс” компанийн тусгай зөвшөөрөл болсон билээ. Тэр ч байтугай тус компанийн захирлуудын нэг нь Ерөнхий сайд асан С.Баярыг орцонд нь зодсон хэрэг гарч дуулиан дэгдээж байлаа. Энэ явдлын улмаас Ерөнхий сайд асан С.Баяр ч бас “Саусгоби сэндс”-тэй холбоотой байжээ гэсэн хардлага олон нийтийн дунд үлдсэн. Уг нь тухайн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс уул уурхайн бодлогоо тодорхой болгож, Ашигт малтмалын хуулиа өөрчлөх хүртэл ашиглалтын болон хайгуулын нэг ч лиценз олгохыг хориглож, УИХ, Засгийн газраас шийдвэр гараад байв.  

Гэвч энэ бол төрийн өндөр албан тушаалтнуудын хувьд АТГ-т шалгагдсан анхны тохиолдол биш. Гэхдээ хэргийн цар хүрээ болоод учирсан хохирлын хувьд хамгийн том нь ч байж магадгүй. Д.Батхуяг даргын найзынхаа компанид лицензийг нь шилжүүлсэн зөвхөн ганц нүүрсний ордын зах зээлийн үнэлгээ хоёр тэрбумаар хэмжигдэж байсныг бодоод үзсэн ч тэр. Тиймээс АТГ байгуулагдсанаас хойших зургаан жилийн хугацаанд хийсэн тоймтой ажлын нэг нь АМГ-ын даргын хэргийг шүүхэд шилжүүлсэн явдал гэж болох юм. АТГ-ыг анх 2006 онд байгуулснаас хойших хугацаанд сургуулийн захирал, замын цагдаагийн төвшинд л “авлига”-тай тэмцдэг байсан, эцэстээ бүр АТГ-ын дарга нь өөрөө албан тушаалаа ашиглан мөнгө завшсан хэргээр ял сонсч байсантай харьцуулбал тус газар өнөөдөр төрд нүүрлэсэн авлигатай тэмцэх ажлаа нэг алхам урагшлуулж, монголчууд авлигад алдсан улс орноо эргүүлэн авч эхэллээ.

Магадгүй энэ нь Хууль зүйн сайдын хэлсэнчлэн “Зохион байгуулалттай, эдийн засгийн том хэргүүдтэй тэмцэхэд хуулийн байгууллагад улс төрийн дэмжлэг хэрэгтэй” байсны нэг илрэл ч байж болох юм. Өмнө нь энэ салбарыг толгойлж байсан Хууль зүй, дотоод хэргийн сайд “Нам сонгуульд ялагдвал та нарын дундаас олон хүн дээлээ нөмөрнө шүү” хэмээн болгоомжлуулж байсан бол өнөөдрийн сайд “Албан тушаал, авлигын хэрэгтэй тэмцэхэд намын харьяалал хамаа байхгүй шүү” гэдгээ зарлачихлаа. Энэ бол хуулийн байгууллагууд ажлаа шударгаар гүйцэтгэхэд нь үзүүлж байгаа улс төрийн буюу бодлогын дэмжлэг.

Дашрамд сануулахад Олон улсын судалгааны төв IDEAS байгууллагаас дэлхийн 196 орныг “тухайн улс орны эдийн засаг хэр шинжлэх ухаанч байдлаар хөгжиж байна вэ” гэдэг судалгааг хийж. Харин манайх 184-т жагссан байна. Монголын өмнө Пакистан, Перу, Тунис, Барбадос, Ямайка, Мозамбек, Уганда, тэр ч байтугай Тринидад Тобаго, Того зэрэг бидний нэрийг нь ч сонсч, газрын зураг дээр зааж байгаагүй улс орнууд бичигдсэн бол бидний ард Зимбабве, Куба, Лисота, Ангола, Сири, Лаос зэрэг цөөн хэдэн улс л жагсчээ.

Байгалийн баялгийнхаа үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэх байрт явж, тэр хэмжээгээрээ дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа Монгол Улс хөгжлийн хоцрогдлоороо адагт бичигдэх болсон нь юутай холбоотой гэж. Өнөөх л авлига хээл харууль, албан тушаалтын дур зорго энд эрх барьж, хууль журам уланд гишгэгдсэнээс үүдэлтэй. Нэг ёсондоо бидний сүүлийн хэдэн жил бие биедээ сануулж, болгоомжилж, зугтаж ирсэн “баялгийн хараал” аль хэдийнэ үүдэнд ирээд хаалга тогшиж байна гэсэн үг. Эрх мэдэлтэй цөөнх хэсэг нь байгалийн баялгаа зарж идэж дуусаад олонхи монголчуудын хувьд Африкийн “зэрлэгүүд”-тэй адил шороо самраад үлдэх аюул байна гэсэн үг. Хэрвээ Монголын төр хууль цаазтай, тэр нь хүн бүрт тэгш үйлчилдэг л байхгүй юм бол…

Б.СЭМҮҮН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж