Их мөнгө завшсан эрхмүүд

Хуучирсан мэдээ: 2013.02.01-нд нийтлэгдсэн

Их мөнгө завшсан эрхмүүд

Манай улсад төрийн өндөр албан тушаалтнууд гэмт хэрэг, зөрчил гаргасан нь илэрч, хуулиар шийтгэл хүлээсэн тохиолдол харьцангуй ховор гэхэд хилсдэхгүй. МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарын болон “Долоодугаар сарын 1-ний цагдаа нарын” гэх хэргүүд шүүхээр эцэслэн шийдэгдлээ. Ингэснээр Мон­гол Улсад хууль, шүүх гэж бай­даг, тэр нь Ерөнхийлөгч байсан хү­нийг ч гэсэн ялгаварлахгүйгээр үйл­чилдэг гэдгийг нотолж байх шиг. Үүнээс өмнө төрийн өндөр албан тушаалтнууд, УИХ-ын гишүүд хэ­рэгт орооцолдосон тохиолдолд шалгасан болоод, да­раа нь цагаатгадаг жишиг бараг л тогтчихсон гэхэд хилсдэхгүй. Тэ­гээд л уг хэрэг олны анхаарлын төвөөс холдож, замхран алга болдог. Өнгөрсөн хугацаанд ийнхүү замхарсан хэргүүдийг сийрүүллээ.

УЛСАД 100 САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛСАН Д.СҮРЭНХОР СУЛЛАГДАВ

Үйлдвэр худалдааны яамны Тө­рийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорын гэх хэрэг 2010 оны гуравдугаар сард сенсаци тарьсан. Үүнийг 2008 оны сонгуулиас хойш Японд ажиллаж, амьдарч байгаад 2010 онд эх нутагтаа ирэхэд нь хууль, хүчнийхэн баривчилсан би­лээ. Тэрбээр Үйлдвэр, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дар­га байхдаа албан тушаалаа ашиг­лан улсад 100 гаруй сая төг­рөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан. Анхан шатны шүүх мөн оны дөрөвдүгээр сард болсон ч нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Харин дараа нь 2010 оны долоодугаар сард анхан шатны шүүх дахин хуралдсан ч хойшлогдсон. Үүнээс хойш Д.Сүрэнхорд холбогдох хэргийн шүүх хурал гурван ч удаа хойшилсны эцэст наймдугаар сард анхан шатны шүүх шийдвэрээ гар­гасан. Түүнд шүүхээс долоон жи­лийн ял оноож, үүнийхээ гурвыг нь Өршөөлийн хуульд хамруулсан. Ингэснээр Д.Сүрэнхор анхан шатны шүүхээс дөрвөн жилийн ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлэхээр болсон. Давж заалдах шатны шүүх мөн оны аравдугаар сард болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Түүнчлэн Улсын Дээд шүүх 2011 оны эхээр Д.Сүрэнхорын хэргийг хянаж үзээд, ямар нэгэн алдаа гараагүй гэж үзсэн. Банкнаас 14 тэрбумыг зувчуулж, казинодсон хүмүүсийн хажууд Д.Сүрэнхорын улсад учруулсан хохирол бага. Магадгүй зарим олигархиудын нэг өдөрт л үрэх мөнгө. Гэхдээ тэглээ гээд ялыг хөнгөлөх, эсвэл ялаас чөлөөлнө гэсэн ойлголт байхгүй. Түүнийг өнгөрсөн оны наймдугаар сард хугацаанаас нь өмнө сулласан. Д.Сүрэнхор ял эдлэх хугацаандаа ямар нэгэн хэрэг, зөрчил гаргалгүй тун хүмүүжилтэй байсан тул ийнхүү хугацаанаас нь өмнө суллажээ.

Д.Дондог гишҮҮнийг “ангийнхан” нь цээжээрээ хамгаалсан уу 

УИХ-ын гишүүн Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокуророос 2011 онд гаргасан. Хуулийн дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-аар хэ­лэлцэж, шийдвэрлэдэг. Харин Д.Дон­дог гишүүнийг тухайн үеийн төр баригчид цээжээрээ хамгаалаад өнгөр­сөн гэхэд болно. Улсын ерөнхий прокуророос эрхэм гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д гурвантаа өргөн барьсан. Гэвч шийдэгдээгүй. Тухайн үеийн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр “Энэ хэргийг хэлэлцэх үндэс байхгүй” гэж мэдэгдэж байсан. Прокурорын зүгээс эрхэм гишүүний холбогдсон хэргийг илүү нарийн шалгахын тулд бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, цагдан хорих шаардлагатай гэж байсан. Гэвч УИХ-ын гишүүд хууль зөрчсөн асуудлыг өөгшүүлэн байж, Д.Дондог гишүүнийг хамгаалсан. Ингэснээр түүнд холбогдох таван тэрбум төгрөгийн хэрэг замхран алга болсон. Харин тухайн үед Д.Дондог ги­шүүн асан энэхүү асуудлыг товчхоноор “гүтгэлэг” хэмээн тайлбарлаж байсан юм.

“Нарсанд” биш “наранд” Ял эдэлсэн Ч.санграгчаа

Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нарт холбогдох хэрэг 2011 оны сүүлчээр бас нэгэн дуулиан тарьсан. Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх  мөрдөн шалгах АТГ-ын дарга нарыг хэд хэдэн үндэслэлээр буруутгаж, шалгаж эхэлсэн. Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ энэ удаад хүлээн зөвшөөрснөөр шүүх хурал болсон. Нэр бүхий дарга нар Эрүүгийн хуулийн 87.1 буюу төрийн нууц задруулсан, 133.1 буюу гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн, 263.2 буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, 111.2-т зааснаар УИХ-ын гишүүн С.Эрдэнийн нэр хүндэд халдсан зэрэг үндэслэлээр шүүхээс ял сонссон. Анхан болон давж заалдах шатны шүүхээс тэдэнд 2-2.4 жилийн хорих шийдвэр гаргасан. Гэвч Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар Ч.Сангарагчаа нарт холбогдох хэргийг хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг хэвээр үлдээсэн. Гэхдээ хорих ялыг биеэр эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэн тус бүр нэг жилийн тэнсэн харгалзахаар болсон билээ. Ч.Сангарагчаа нар төрийн мөнгөөр загасны хэрэгсэл худалдан авсан, аялалд явсан болон ажилтнуудаа тагнаж чагнасан хэргээр 2011 оны гуравдугаар сарын 22-нд ял сонссон. Харин үүнээс долоон сарын дараа буюу аравдугаар сард Дээд шүүх тэдний ялыг тэнсэн харгалзахаар шийдвэр гаргасан юм.

Сонгинохайрхан дүүргийн Ц.Болдыг хоёр жил тэнсэн харгалзана

Хамгийн сүүлд он гарсаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан Ц.Болдод холбогдох хэргийн шүүх хурал болж, шийдвэрээ гаргалаа. Ц.Болд нар албан тушаалаа ашиглан улсад 300 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан. Эл хэрэг бүр 2011 оноос хойш яригдаж, прокурорын шатанд шалгаг­даж байсан. Харин шүүхийн шийдвэр 2013 онд буюу хоёр жилийн дараа гарлаа. Анх 300 гаруй сая төгрөгийн хохирлын асуудал яриг­даж байсан бол сүүлд 88 сая төгрөг болж бага­сав. Сонгинохайрхан дүүргийн шүүх Ц.Болд нарын албан тушаалтнуудад холбогдох хэр­гийг хэлэлцээд хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноо­лоо. Ц.Болд нь нийслэлийн Хот тохижилтийн газрын даргаар ажил­лаж байх­даа Захирагчийн албаны Орчны бохирол, хог хаягдлын менежментийн газрын дарга асан Н.Дэлгэрбаяр, Хот тохижилтийн газрын нягт­лан бодогчоор ажиллаж байсан Н.Баярмаа нартай тохиролцон албан тушаалаа урвуулан ашиглаж, байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан, мөн бүлэглэн төсвийн хөрөнгийг завшиж, үрэг­дүүлсэн болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоосон байдаг. Харин анхан шатны шүүх дээрх албан тушаалтнуудад холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгож, ялыг ийнхүү хөнгөлсөн байна.

Л.ЭНХДЭЛГЭР

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж