ГОК-ын захирлыг дундаасаа гаргажээ

Хуучирсан мэдээ: 2013.02.01-нд нийтлэгдсэн

ГОК-ын захирлыг дундаасаа гаргажээ

Үе үеийн Засгийн газрын шүдний өвчин болдог Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэрийн захирал солигдсон сурагтай. Уг албыг чамгүй олон жил хашсан Ч.Ганзориг саналаараа ажлаа өгсөн гэх сураг ч хэдхэн хоногийн өмнө чих дэлссэн. Сураг тавих нь ээ ГОК-ын захирлаар Цэрэнсамбын Даваацэрэн хэмээх төдийлөн олны танил бус эрхэм томилогджээ. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар ажиллаж байсан, мэргэжлийн уурхайчин гэхээс өөр ил тод болсон зүйл одоохондоо алга. Уг албан тушаалд хүнээ тавихын тулд Алтан гадас, МоАХ, МҮДН, Шонхор, Нэг ардчилал, Кроун фракцууд тэмцэлдсэн хэдий ч хэн нэг нь ялагч болоогүй учраас ямар ч бүлэглэлд хамаардаггүй мэргэжлийн хүнийг тавихаар шийдэлд хүрчээ.

Ингээд Өмнөговь аймгийн харьяат нам бус Ц.Даваацэрэнг сонгосон бололтой. Өмнөговь аймгийнх гэхээр Ажнай Д.Бат-Эрдэнийн хүн хэмээн “сэжиглэсэн” боловч биш болж таарав. Ямартаа ч Засгийн газрын нэгэн өндөр албан тушаалтны ярьж байгаагаар Улсын Их Хурлын дарга З.Энхболд шиг шазруун, Ерөнхий сайд Н.Алтанхуяг шиг багаар ажиллах чадвартай хүн гэнэ. Түүгээр ч үл барам Ашигт малтмалын шинэ хуулийн төслийг боловсруулахад ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн мэргэжлийн хүн хэмээн эрх баригчид ам сайтай байна. Аль нэг фракц нь биш дундаасаа ярилцаж байж тодруулсан учраас ГОК хэн нэгний эрх ашигт үйлчилдэг гаж зуршлаасаа салж байгаа бололтой.

Т.БАТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж