Австралийн ерөнхий сайд Жулия Гиллард парламентын сонгууль ирэх есдүгээр сарын 5-нд явагдах бөгөөд өнөөөгийн парламент нь наймдугаар сарын 12-нд бүрэн эрхээ дуусгана гэж зарлажээ. Олон нийтийн санал асуулгаар хэрэв өнөөдөр сонгууль явагдвал Гиллард ба түүний засгийн газар ялагдана гэсэн дүн гарчээ.
Одоо Гиллардын толгойлсон Австралийн Лейборист нам Ногооны нам болон бие даасан депутатуудтай эвсэлдэн парламентын олонх болж байгаа. Хэрэв өнөөдөр сонгууль явагдсан бол Гиллард намынхаа хамт ялагдан засагт Тони Эбботтын даргалдаг Либерал-консерватив нам гарч ирэхээр байгаа гэсэн таамаглал судалгаагаар гарчээ.
Мэдээллийн агентлагууд тэмдэглэснээр, Гиллардын мэдэгдэл австраличуудад гэнэтийн зүйл боллоо. Ер нь бол Австралид сонгуулиас нэг сарын өмнө санал хураах өдрийг зарладаг. Харин ерөнхий сайд “Хүн бүрт хэзээ удирдах, хэзээ сонгуулиа явуулах нь тодорхой байх ёстой” гэж тайлбарлажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР