
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Баянхошууныхан нар харахаа болилоо. Сургуулийн насны хүүхдүүд 4-5 буудал газар алхаж байж, хичээлдээ сууж байна. Нэг ангид 50 хүүхэд сурч байна. Нэг хашаанд 4-5 айл амьдарч байна. Уулын оройгоор маш олон айлууд амьдарч байна. Дэд бүтэцжүүлэхэд нэлээд их хөрөнгө шаардах байх. Дагуул хотыг хөгжүүлэхгүйгээр хүн амын шилжин суурьшилтыг зогсоож чадахгүй. Тиймээс дагуул хотыг хөгжүүлэхэд онцгой анхаарах ёстой” гэсэн байр суурь илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “Улаанбаатар хотын механик өсөлтийг хэрхэн зохицуулах вэ. Нийслэлийг хөгжүүлэх тусам орон нутгаас ирэх иргэдийн шилжин суурьшилт зогсохгүй” гэж байв. Үүнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Үндсэн хуульд Монгол Улсын иргэн амьдрах газраа чөлөөтэй сонгох эрхтэй гэж заасан ч аюулгүй байдлыг хангах үүднээс мөн хуулиар хязгаарлаж болно гэж заасан байдаг. Тийм учраас нийслэлийн хүн амын механик өсөлтийг зохицуулах асуудлыг УИХ-д оруулж ирнэ. Энэ өсөлтийг зохицуулах олон арга бий” гэлээ. Мөн “Улаанбаатар хотыг хөгжүүлэхдээ гэр хороололд түлхүү анхаарна. Улаанбаатар хотын төсөв жил бүр нэмэгдэж ирсэн ч хөрөнгө оруулалтын ажлыг зөвхөн төвдөө зарцуулж ирсэн. Одоо энэ бодлогыг өөрчилж гэр хороолол руу хөрөнгө оруулалтыг түлхүү зарцуулахад чиглүүлнэ. Энэ асуудал дээр ч УИХ-аас дэмжлэг хүснэ” гэлээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 11.00 цагт эхэлсэн тул УИХ-ын дарга цайны цагийг хойш сунгаж, 14.00 цагт УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулахаа мэдэгдсэн юм. Тиймээс хуралдаан үргэлжилж байна.