Д.Батхуягийн “тараасан” лицензүүдийг нэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2013.02.01-нд нийтлэгдсэн

Д.Батхуягийн “тараасан” лицензүүдийг нэрлэлээ

Авлигатай тэмцэх газраас  Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарын дөрвөн хүнд холбогдох шүүх хурлаар тэдэнд 5.1-6.6 жилийн хорих ял ногдуулсан үндэслэлийн  талаар тодорхой мэдээлэл өглөө.

АТГ хэвлэлийн ажилтан П.Билгүүн “Д.Батхуяг нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын даргаар, Л.Даваацогт нь тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 2009, 2010 онд албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12, 20 дугаар зүйлийн 20.1, 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.9 дэх заалтуудыг зөрчиж сонгон шалгаруулалтаар олгох ёстой  ашигт малтмалын тодорхой дугаартай, нийт 106 ширхэг тусгай зөвшөөрлийг бусдад олгож Ашигт малтмалын газрын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж хүнд хор уршиг учруулсан.

Мөн Ашигт малтмалын газраас өнгөрсөн 2009 оны есдүгээр сарын 05-25-нд талбайд, 2008 онд гүйцэтгэсэн геологи, хайгуулын ажлыг газар дээр нь тулган баталгаажуулах шуурхай хяналт, шалгалтыг гүйцэтгэхэд “Саусгоби сэндс” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын 9442Х, 5259Х, 5277Х, 12388Х тоот тусгай зөвшөөрлийн 2008 онд хайгуулын ажилд зарцуулсан зардал нь хайгуулын ажлын доод зардалд хүрээгүй болох нь тогтоогдож тус газрын Захиргаа удирдлагын хэлтсийн Эрх зүй, хуулийн тасгаас ашигт малтмалын дээрх тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3, 33.3, 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэгт зааснаар цуцлах тухай дүгнэлт гаргасан. Гэтэл Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогт нар нь “Саусгоби сэндс” ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-д заасны дагуу ашигт малтмалын 9442Х, 5259Х, 5277Х, 12388Х тоот тусгай зөвшөөрлийг цуцлах үүргээ хэрэгжүүлэлгүй,  “Саусгоби сэндс” ХХК-ийн эзэмшилд байсан, орон нутгийн тусгай хэрэгцээнд авагдсан Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутаг дахь Хайрхан толгой нэртэй 72499 гектар талбай бүхий (42.867.979 тонн чулуун нүүрсний нөөцтэй)  ашигт малтмалын 5261Х тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогт нь 2010 оны хоёрдугаар сарын 19-ны өдөр 231 дугаартай шийдвэрээр сэргээж, 2010 оны дөрөвдүгээр дүгээр сарын 15-ны өдрийн 434 дугаартай шийдвэрээр Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуягын найз С.Жаргалсайханд, “Зэлэм” ХХК-ийн эзэмшилд шилжүүлж, хясан боогдуулж үүсэн нөхцөл байдлыг ашиглах замаар, онц их хэмжээний хээл хахууль авсныг баримтаар тогтоосон” гэлээ.

Тиймээс Баянгол дүргийн шүүхийн энэ  сарын 30-ны өдрийн шийтгэх тогтоолоор Ашигт малтмалын газраас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12, 20 дугаар зүйлийн 20.1, 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.9 дэх заалтуудыг зөрчиж олгосон нийт 107-н ширхэг ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгож тусгай зөвшөөрлүүдийг төр өөрийн мэдэлд авсан гэж мэдээллээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж