
Монголд нэг үе элбэг байсан тахийн сүрэг өнгөрсөн зууны дунд үед бараа сураггүй болж улаан номд орсон билээ. Тахийг эх нутагт нь нутагшуулах ажил 1992 оноос эхэлж Голландын амьтны хүрээлэнгээс гурван удаагийн тээвэрлэлтээр 87 тахь авчирч нутагшуулсан нь өдгөө өсч үржсээр 240 орчим толгой болжээ. Энэ зун л гэхэд 40 орчим гүү унагална. Хавар мэндэлсэн есөн унаганы долоо нь эсэн мэнд бойжиж буй аж.
Голландын тэрбумтан Ян Бауманы хөрөнгө зүтгэлээр тахийг эх нутагт нь суурьшуулах буянтай ажлыг эхэлсэн бөгөөд өдгөө ч гэргий Инга Бауман нь нөхрийнхөө үйлсийг залгамжилж, жил бүр 20 мянган ам.долларыг Хустайн цогцолбор газарт илгээдэг ажээ. Ноён Ян Бауман хэдэн жилийн өмнө насан өөд болохдоо “Сүүлийн хүсэл минь биелсэн газарт намайг нутаглуулаарай” хэмээн захижээ. Тэр ёсоор түүний чандрыг Хустайн орчимд өргөсөн нь одоо Бауман толгой гэсэн нэртэй болжээ.
Д.ОЮУН