Хууль зүйн сайд Х.Тэмүүжин зарим төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход анхаарч ажиллахыг цагдаагийн удирдлагуудад сануулжээ. Тэрээр “Замын түгжрэлийг бууруулах зорилгоор иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр хурдан шуурхай, аюулгүй зорчиход холбогдох байгууллагуудаас анхаарч байгаа ч зорчигчид халаасны хулгайчид эд зүйлсээ алдах явдал ихэсч байна. Тиймээс халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд нийтийн тээврийн хэрэгслүүд болон автобусны буудлыг камержуулах, шаардлагатай хүн хүчийг төвлөрүүлэн ажиллах”-ыг даалгасан байна.
Түүнчлэн хаврын улиралд хүчингийн гэмт хэргийн гаралт нэмэгддэг тул энэ төрлийн хэрэг гарч болзошгүй газруудад эргүүлийн цагдаа нарын хүчийг нэмэгдүүлэн, хяналтыг сайжруулахыг үүрэгджээ. Мөн хохирогч эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах тал дээр анхаарч, сэтгэл зүйчид болон эмэгтэй мөрдөн байцаагчдын баг бүрдүүлэхийг анхааруулсан байна.
Д.ЖАРГАЛ