Бизнес эрхлэгч аж ахуйн нэгж гэхээс илүү улс төр-эдийн засгийн бүлэглэл ээлжлэн эрх мэдлийг нь авдаг, санхүүгийн үйл ажиллагаа нь ил тод бус байгууллага болж хувирсан “Эрдэнэт” үйлдвэрт энэ томилгоо шинэ салхи оруулах байх гэж олон нийт харж байна.
Төрийн өмчит компани, улсын үйлдвэр бүрийн ард ашиг хонжоо харсан бүлэглэлүүд шургалж, төрийн нэртэй эзэнгүй өмчийг санхүүгийн аргаар тонохоос гадна үр ашгийг нь дээшлүүлэх талаар дорвитой ажилладаггүй байсан нь захаасаа аван илэрч буй. Ийм байдлаар төрийн өмчийн компаниудыг улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн “зууш” болгодог явдлыг Ардчилсан нам цаашид өөрчилж чадах уу гэсэн хүлээлтэд энэ нь нэг талаар хариулт болж байна.
“Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг өөрчлөх гэж байна, мөн түүнийг Ардчилсан намд элсэх гэж байна гэсэн мэдээлэл гадуур тархаад байсан. Эрх барьж буй нам өөрийн хүнээ томилдог гэсэн ойлголт нийгэмд хэвшсэний илрэл болж, Ч.Ганзоригийн оронд одоо Ардчилсан намын хүн энэ албанд очих байх гэж харах хүмүүс олон байв. Харин энэ удаад улс төрд нэр сонсогдож байгаагүй, салбарынхан дундаа нэр хүндтэй мэргэжлийн хүн, түүнчлэн сайн менежер “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагаар томилогдов. Улс төрийн зорилгоор албан тушаалаа ашиглахгүй байх, хамтарсан үйлдвэрийн үйл ажиллагааг шат ахиулах зэрэг олон сорилтууд шинэ захирлыг хүлээж байгаа гэдгийг тэрбээр ойлгож байгаа болов уу.
Харин өмнөх захирал Ч.Ганзориг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна. Тэрээр “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирлаар ажилласан хугацаандаа тус үйлдвэрийн үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулж чадсан гэдгийг ТӨХ хүлээн зөвшөөрдөг. Түүнийг анх ажил авахад хүдэр боловсруулалт 20 сая тонн байсан бол одоо энэ үзүүлэлт 26 сая тонн болж зургаан сая тонноор нэмэгджээ. Молибдений металл авалт 23 хувиас 46 хувь, зэсийн металл авалт 85 хувиас 86 хувь болж өсчээ. “Эрдэнэт” үйлдвэрийн нийт орлого нэг их наяд гаруй төгрөг болж, 294 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна. Үйлдвэрийн ашиг 10-25 дахин өсчээ. Түүнийг анх ажил авахад ажилчдын дундаж цалин 400 мянган төгрөг байсан бол одоо 1,8 сая төгрөгт хүрээд байна.
“Эрдэнэт” үйлдвэрийг ашигтай ажиллуулсны хувьд захирлыг өөрчлөх шалтгаан байхгүй гэж Оросын тал үзэж байсан. Харин улс төрийн шалтгаанаар өөрчилж магадгүй гэсэн хүлээлт байсныг нуух аргагүй. Юутай ч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн Ч.Ганзоригийн орны хүнийг улс төрийн шалгуураар томилсонгүй.