“Спортын бэлтгэлийн төв”-д хоёр дах өдрөө үргэлжилж байгаа оюутны болон өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч, багш нарын “Өсвөрийн тамирчдын сургалт-дасгалжуулалтын онол, аргазүй, технологийн шинэчлэлийн асуудал” сэдэвт сургалт, семинар өнөөдөр өндөрлөж байна. Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас зохион байгуулдаг энэхүү сургалтанд нийслэл, дүүргүүдийн оюутны болон өсвөрийн шигшээ багийн 80 гаруй багш, дасгалжуулагчид оролцож, эрдэмтэн мэргэд, мэргэжлийн хүмүүсийн бэлтгэсэн сонирхолтой илтгэлийг дэнслэн сонслоо. Оролцогчид ҮБТДС-ийн захирал, Гавъяат багш, ШУ-ны доктор, профессор Г.Лхагвасүрэн “Гадаад орнуудад өсвөрийн тамирчдыг бэлтгэж буй туршлага”, төрөлжсөн сургалттай БТДуС-ийн мэргэжлийн заах аргын нэгдлийн ахлагч, зөвлөх багш Б.Дамба “Өсвөрийн сагсан бөмбөгчдийн хувийн ба багийн хамгаалалтыг зохион байгуулах нь”, ССАЖЯ-ны СБТ-ийн БТС-ын албаны дарга Ж.Тунгалаг “Монгол улсын ЕБС-ийн сурагчдын бие бялдрын хөгжилтийн түвшин”, Монголын хөнгөн атлетикийн холбооны сургагч-багш, ОУХМ Б.Энхбаатар “Өсвөрийн тамирчдын сургалт-дасгалжуулалтын төлөвлөлтийн асуудал”, Мэргэжлийн сургалттай БТСДуС-ийн сургалтын менежер Р.Ганбаатар “Судалгаа шинжилгээний арга зүй”, ҮБТДС-ийн багш, доктор Л.Гүндэгмаа “Спортын авъяас чадварыг удамшлын түвшинд тогтоох шинжлэх ухааны үндэслэл” сэдвүүдээр тавьсан илтгэлүүдээс дэвшүүлсэн шинэ санаа, санаачилгыг ажил хэрэгтээ бүтээлчээр хэрэгжүүлэхээр итгэл өвөрлөсөн нь лавтай. Ийнхүү мэргэжлийн сургалттай биеийн тамир, спортын сургуулиудын багш нар, биеийн тамирын дээд сургуулиудын эрдэмтэд, спорт холбоодын сургагч-багш нар, ССАЖЯ-ны СБТ-ийн мэргэжилтэн-аргазүйчдийн өсвөрийн тамирчдын хэрхэн бэлтгэх талаар өрнүүлсэн сургалт, ярилцлага, хэлэлцүүлэг амжилттай боллоо гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.