Америкийн “New York Times” сонин өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр Хятадын экс Ерөнхий сайд Вэнь Зябаог нууц тэрбумтан гэх мэдээллийг нийтэлснээс хойш байнга хакерийн халдлагад өртөх болжээ. “New York Times” сонины зүгээс дээрх халдлагуудад Хятадыг буруутгаж, хакерууд Хятадын цэргийнхэнтэй ижил аргаар сонины нийтлэлчдийн е-мэйл хаягууд руу довтолдог хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн “New York Times” сонины зүгээс ийнхүү сэжиглэх болсон нь хакерийн халдлагууд нь голдуу Хятадын экс Ерөнхий сайд Вэнь Зябаог нууц хөрөнгийн талаар нийтлэл бичсэн тус сонины Шанхай дахь салбарын дарга Дэвид Барбозаг чиглэсэн байсантай холбоотой гэнэ. Харин үүний хариуд Хятадын Гадаад хэргийн сайд энэхүү мэдэгдлийг ор үндэсгүй худал гүтгэлэг гэж мэдэгджээ. Цахим халдлагаас хамгаалах “Mandiant” фирмийн мэдэгдснээр хакерууд “New York Times” сонины нийт 53 ажилчны ажлаас гадуурх хувийн компьютерууд руу халдан, нууц үгийг нь хулгайлсан байна. Үүний зэрэгцээ тус фирм хакеруудыг хараахан илрүүлж чадаагүй байгаа боловч халдлага үйлдэх арга нь Америкийн их сургуулиудын компьютерууд руу довтолдог хятад хакеруудтай ижил байгааг анзаарчээ.
“New York Times” сонин Хятадын экс Ерөнхий сайд Вень Зябаогийн хөрөнгийн талаар нийтлэл цацсны дараа тус сонины сайтыг Хятадад хаасан билээ.
Б.АНХТУЯА