
АТГ-ын мөрдөн байцаалтын явцад болон Баянгол дүүргийн шүүхээс Д.Батхуягийг АМГ-ын Геологи, Уул уурхайн кадастрын дарга Л.Даваацогттой хамтран 2009, 2010 онуудад албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин, сонгон шалгаруулалтаар олгох ёстой нийт 108 ширхэг тусгай зөвшөөрлүүдийг бусдад сонгон шалгаруулалтгүйгээр олгож, төрийн байгууллагын хуулиар хамгаалагдсан эрх ашигт хүнд хор уршиг учруулсан болох нь тогтоогдсон. Мөн Д.Батхуяг нь АМГ-ын улсын байцаагчдын шийдвэрийн дагуу цуцлагдаад байсан “Саусгоби сэндс” компанийн ашигт малтмалын эзэмшлийн дөрвөн тусгай зөвшөөрлийг ашиг сонирхлын үүднээс хясан боогдуулж тусгай зөвшөөрлийг сэргээсэн байгаа юм. Хайгуулийн лицензийг сэргээж өгснийхөө шанд тэрээр “Саусгоби сэндс” компанийн нэг хайгуулийн лицензийг өөрийн найз С.Жаргалсайханы "Зэлэм" ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн авсан нь нотлогдсон аж.
Дээрхи үйлдсэн гэмт хэргүүдийг үндэслэн Баянгол дүүргийн шүүхээс Д.Батхуягийг төрийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасч, таван сая төгрөгний эд хөрөнгө хураан, чанга дэглэмтэй хорих ангид 6.6 жил хорих ялыг оногдуулав. Мөн түүний нутгийн дүү гэгдэх АМГ-ын Геологи, Уул, уурхайн кадастрын дарга асан Л.Даваацогтыг төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасч, гурван сая төгрөгний эд хөрөнгийг хурааж, зургаан жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Харин Д.Батхуягын дотны найз “Зэлэм” компанийн захирал С.Жаргалсайхан, “Номун интер трейд” ХХК-ийн захирал Ш.Бат-Ирээдүй нарыг тус бүр гурван сая төгрөгний эд хөрөнгийг хурааж, 5.1 жил хорих ял оногдуулж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ. Мөн тэдний хууль бусаар олгосон ашигт малтмалын нийт 107 ширхэг тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.
Доржпүрэвийн Батхуяг нь Хөвсгөл аймгийн Их-Уул суманд1969 онд төрж, Мөрөн хотын дунд сургууль, цэргийн алба хааж МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн аж. Улмаар 1996 онд “Тэс трейд”, “Хөвсгөл Алтандуулга” компаниудыг үүсгэн байгуулж захирлаар нь ажиллаж байсан, 2007 оноос эхлэн “Эрдэнэс MGL” компанийн дэд захирал, Зам тээвэр, аялал жуулчлалын дэд сайд, 2011 оноос Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга, 2012 оноос эхлэн Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад өнгөрсөн оны тавдугаар сард Авлигатай тэмцэх газарт шалгагдан, баривчлагдсан юм. Мөн тэрээр Монголын морин уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн, Монголын терроризмын эсрэг холбооны удирдах зөвлөлийн гишүүн зэрэг сонгуульт ажилтай.
Харин түүнд тусалж, бүлэглэсэн гэж шүүхээс ял сонссон АМГ-ын Геологи, Уул, уурхайн кадастрын дарга, Хөвсгөл аймгийн харъяат Л.Даваацогт Санхүү, Эдийн засгийн дээд сургуулийг төгсч, сургуульдаа багшаар үлдсэн байна. Хоёр жил орчим багшаар ажиллаж байсан түүнийг Д.Батхуяг АМГ-ын дэд дарга болмогцоо дээрхи албан тушаалд “татсан” бололтой.
Д.Батхуяг нар одоогоор Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдж байгаа бөгөөд давж заалдах шатны шүүх буюу Нийслэлийн шүүхэд гомдол гаргахгүй бол харъяаллын дагуу хорих анги руу шилжүүлнэ.