Германд суралцах инженерүүдийг маргааш бүртгэнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Германд суралцах инженерүүдийг маргааш бүртгэнэ

2010-2011 оны хичээлийн жилээс Монгол Улс, ХБНГУ хоорондын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрийн хүрээнд ХБНГУ-ын их, дээд сургуульд уул уурхайн салбарт ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор инженерийн болон байгалийн ухааны чиглэлээр герман хэл дээр явуулах бакалаврын сургалтад 10 хүнийг сонгон шалгаруулах бүртгэлийн ажил маргаашнаас буюу энэ сарын 25-26-ны өдрүүдэд болох гэж байна. Мөн герман болон англи хэлээр хичээллэх магистрын төвшний сургалтад хамрагдах 10 хүнийг тус тус шалгаруулах аж.
Магистрант нь долоо хүртэл, бакалавр нь тав хүртэл семестрийн хөтөлбөрт хамрагдах юм. Харин тэтгэлэгт хамрагдахаар шалгарсан хүмүүсийг үндсэн сургалт эхлэхээс нь өмнө Герман Улсад хоёр сарын герман хэлний курст суралцуулах аж.   Шалгаруулалтад оролцогчид Герман улсын зүгээс хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улсын их, дээд сургуулиудад бакалаврын боловсрол эзэмшсэн байх шаардлагатай гэнэ. Бүртгэлд хамрагдахыг хүссэн залуус өргөдөл гаргагчийн материалыг  дээр дурдсан бдрүүдийн 10.00-17.00 цагийн хооронд БСШУЯ-ны 206 тоот өрөөнд хүлээн өгөх ёстой гэнэ.
Урьдчилсан сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүс зургадугаар сарын 14-15-ны өдрүүдэд эцсийн шалгалтаа өгөх юм байна.
Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж