Нэгдүгээр амаржихын барилга бэлэн боллоо

Хуучирсан мэдээ: 2013.01.31-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр амаржихын барилга бэлэн боллоо

Нийслэлийн эмэгтэйчүүдийн тухтай, ариун цэврийн шаардлага хангасан газар амаржих мөрөөдөл биелж шинэ нэгдүгээр амаржих газрын барилгыг өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээж авлаа. Ирээдүйд мэндлэх сая сая бяцхан үрс ийнхүү шинэ эмнэлэгт, орчин үеийн стандарт эмнэлгийн үйлчилгээ авах өдөр ойртсоор байна. “Сентерра Гоулд” компани 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар төрөх эмнэлгийн барилгыг шинэ тоног төхөөрөмжийн хамт өнөөдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвал, хотын захирагч Э.Бат-Үүл болон Клиникийн нэгдүгээр амаржих газрын удирдлагад хүлээлгэж өгсөн юм.

Монголын ирээдүйн үр хойчийг хүлээн авах төрөх эмэгтэйчүүдийн 190 ортой тасаг, 50 ортой эмгэг нярай буюу эрчимт эмчилгээний тасаг, 100 ортой эмэгтэйчүүдийн тасаг гээд нийт 340 гаруй ортой шинэ амаржих газар Улаанбаатарын төвд сүндэрлэж байна.   

Харин шинэ эмнэлгийн хүчин чадлаараа ажиллахад дахин 200 гаруй эмч мэргэжилтэн, сувилагч хэрэгтэй учраас ур чадвартай, ажилдаа дуртай эмч, сувилагч нарыг шинэ төрөх газарт ажиллаарай гэж Клиникийн нэгдүгээр амаржих газрын дарга Д.Энхбаяр ажлын байранд урьсан юм. 

Барилгын тоосжилт, агаарын чанарын шинжилгээ авсны дараа Мэргэжлийн хяналтын газрын эмнэлгийн зориулалтаар ажиллаж болно гэдэг дүгнэлт гарахаар шинэ амаржих газар үйлчлүүлэгчдээ хүлээж авах юм байна. Мөн шинэ барилгадаа тоног төхөөрөмжүүдээ оруулж тавьсан ба угсарч дуусаад ашиглалтад оруулах ажээ.

Шинэ саруул, тохилог байрандаа хурдхан шинэ иргэдээ хүлээж авахаар яарч байна гэж Клиникийн нэгдүгээр амаржих газрын захирал Д.Энхбаяр ярьсан юм.
Монголд 2005 онд 45000 гаруй хүүхэд төрж байсан бол 2012 онд 75000 гаруй хүүхэд төрж, төрөлт бараг хоёр дахин нэмэгдэж байна. Тиймээс нийслэлийн хоёр, гуравдугаар төрөхийн өргөтгөл, 300 ортой дахин нэг шинэ төрөх газар ашиглалтад орж байж төрөлтийн ачаалал сая нэг 50-60 хувиар буурна гэж шинэ төрөхийн барилгыг хүлээж авах ёслолын үеэр Эрүүл мэндийн сайд Н.Удвал ярилаа. 

Эмнэлгийн эрүүл мэндийн салбарын тусламж, үйлчилгээний өнөөгийн сөрөг соёл эмч нар гар хардаг, хүнд сурталтай, иргэдтэй зөв эелдэг харьцдаггүй, гомдоодог бичигдээгүй хуулийг өөрчлөхөөр эмнэлгийн байгууллагууд зан үйлээ өөрчлөх, харилцаа хандлага, үнэт зүйлээ өөрчлөх үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлэх болно гэж тэрээр нэмж хэлсэн юм. Хоёрдугаар сарын сүүлээр эмч, эмнэлэгийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн болж энэ хурлаараа эмнэлгийн үйлчилгээний соёлын хөтөлбөрийг боловсруулж гаргах ажээ.

Б.ХАЛИУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж