“Эрдэнэт”-ийн захирлуудыг дахиад сэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2013.01.31-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт”-ийн захирлуудыг дахиад сэлгэлээ

“Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзоригийг уг үүрэгт ажлаас нь чөлөөлөх гэж байна гэдэг мэдээлэл оргүй хоосон биш бололтой. Орос, Монголын хамтарсан тус үйлдвэрийн Монголын талын хувийг эзэмшдэг ТӨХ-ны байр суурь түүнийг өөрчилнө гэдэг дээр хөдөлбөргүй тогтжээ. Дээрх мэдээллийг эх сурвалж үгүйсгэхгүй байгаатай зэрэгцээд Ч.Ганзориг ажилдаа ирэлгүй удаж буй асуудал хаашаа эргэж буйг нотолсон хэрэг болж байна. Түүнийг Улаанбаатарт, эсвэл гадаадад байгаа, өвчтэй, чөлөөтэй гэсэн мэдээлэл үйлдвэрийн ажилтнуудын дунд тархсан байна. Үйлдвэрийн захирлын албан тушаалыг түүнээс авах нь тодорхой байгаа тул ажлаасаа ийн хөндийрсэн байх гэж таамаглаж байгаа аж. Гэхдээ одоогоор ТӨХ-ны шийдвэр гараагүй байна.

Хэд хоногийн өмнө “Эрдэнэт” үйлдвэрийн дэд захирлуудын нэг болох нийгмийн хөгжил хариуцсан дэд захирал өөрчлөгдөж, баяжуулах фабрикийн даргыг нь сэлгээд амжсан. Яг энэ жишгээр өнөөдөр худалдаа эрхэлсэн дэд захирлаар Б.Ариунболд гэж хүн томилогджээ. Тэрбээр Ардчилсан намын гишүүн, МоАХ фракцийн хүн гэгддэг. Гэхдээ МоАХ-ны “ахмад партизанууд”-ыг л талдаа татдагаас биш намдаа нэр хүнд тааруу, харин ч хотын удирдлагад байсан МАН-ынхны гар хөл болдог байсан гэж намынхан нь жиг жуг ярьдаг. Ямар ч байсан Хан-Уул дүүргийн Ардчилсан нам нийслэлийн ганцхан дүүрэгт ялалт байгуулаад байсан 2008-2012 оны хооронд Засаг даргын суудал булаалдаж, дүүргийнхээ намыг  хоёр хагалсан маргааны эзэн юм. Энэ маргааныг эцэст нь намын төв байгууллагаас оролцож байж шийдвэрлэхдээ дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягаас дүүргийн намын даргын албыг авч, Б.Ариунболдод шилжүүлэн өгч байсан. Хоёр жил үргэлжилсэн маргааныг түүгээр дамжуулан МАН-ынхан удирдаж байна гэсэн хардлага хүртэл гарч байсан. Мөн хотын зарим удирдлагуудтай бизнесийн эрх ашгийн холбоотой ч гэдэг.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж