Малийн Кидал хотыг босогчдоос чөлөөлөв

Хуучирсан мэдээ: 2013.01.31-нд нийтлэгдсэн

Малийн Кидал хотыг босогчдоос чөлөөлөв

Франц, Малийн хамтарсан армийн цэргүүд исламын босогчдын гол хүч төвлөрөөд байсан Тимбукту, Гао хотуудыг чөлөөлсний дараа хойд хэсгийн Кидал хотыг эзлэн, цэргийн хамгаалалт тогтоосон байна. Францын цэргийн албаныхны мэдээлснээр исламын дайчид хэдийнэ Кидаль хотыг орхин зугтсан боловч тэд Алжирийн хилийн ойролцоох ууланд бүгсэн байж магадгүй гэнэ. Францын армийн анги, нэгтгэлүүд дөрвөн нисдэг тэргийн хамтаар хотын нисэх онгоцны буудалд ирээд хот руу нэвтрэхэд исламистууд хэдийнэ зугтсан байсан болохоор ямар нэгэн тулаан болоогүй байна.

Нэгэн цагт Францын колони байсан Малид өнгөрсөн жилээс исламистууд бослого үймээн дэгдээж, улсын хойд хэсэгт хяналтаа тогтоосны зэрэгцээ өмнөд хэсгийг ч хяналтдаа авахаар заналхийлж эхэлснээс Франц тэргүүтэй Баруун Африк, Европын орнуудын цэргүүд энэ сараас тус улсын армитай хамтран цэргийн тусгай ажиллагаа явуулж эхлээд буй юм. Малийн Гадаад хэргийн сайдын өчигдөр мэдээлснээр хамтарсан арми энэ мэтээр исламын босогчдод эзлэгдсэн хотуудыг үргэлжлүүлэн саадгүй чөлөөлбөл гадны цэргүүд таамаглаж байснаас хурдан хугацаанд тус улсыг чөлөөлөн, орхин гарах бололтой хэмээн мэдэгджээ. Харин шинжээчдийн үзэж буйгаар Франц улс Мали дахь цэргийн ажиллагааг дуусгасны дараа Баруун Африкийн орнуудад бүгсэн лалын зэвсэгт аль-Каида бүлэглэлийн дайчдыг агнахаар төлөвлөж байгаа юм байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж