Монгол кино нэгтгэлийн үйл ажиллагаа сүүлийн үед олны хараанд өртөж эхлээд байгаа билээ. Учир нь 80-аад жилийн түүхтэй Монголын кино урлагийн салбарын толгойд байх ёстой энэ газар сүүлийн 15 гаруй жилийн туршид хөгжил зогсонги, хаалттай, ашиг харсан байгууллага болон хувирсан тухай ахмад киночид учирлан буй. Тиймээс энэ салбарт хүчин зүтгэж ирсэн ахмадууд болон киночид Монгол кино нэгтгэлийн захирал Ж.Солонгыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгсөн бөгөөд албан тушаалаас нь огцруулах, Монгол кино нэгтгэлийн үйл ажиллагааг шинэтгэх хүсэлтийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт хүргүүлсэн байна. Энэ талаар Монголын кино урлагийн зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ганболдоос тодрууллаа.
-Монгол кино нэгтгэлийн байдал одоо ямар байна вэ. Үүнд Ж.Солонгыг буруутгаж Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгсөн үндэслэлийнхээ тухай дэлгэрүүлээч?
-80 жилийн түүхтэй Монгол кино нэгтгэл анхандаа уран бүтээл хийх, мэргэжилтэй боловсон хүчнийг ажиллуулах техник, орчин нөхцөл, хүчин чадал бүрэн байсан юм. Гэтэл Ж.Солонго Монгол кино нэгтгэлийг хариуцдаг болсоноос хойшхи 15 гаруй жил юм хийж, бүтээх гэсэн уран бүтээлчдийн өмнө хаалттай байдаг болсоноор барахгүй урлагийн үйлсэд зориулсан санхүүжилтийг хэрэгтэй газар нь хөрөнгө оруулалгүй дур мэдэн ашигладаг байсныг мэдэх олон хүн бий. Тухайлбал, өмнөх Засгийн газрын үед Монголын кино урлагийн түүхэн архивыг хийх зориулалтаар сар бүр 10 сая төгрөг төсөвлөдөг байсан ч энэ хаашаа ороод дуусчихаад байсан нь мэдэгдээгүй. Түүхэн архив гэхээр л өнгөтэй, дүрстэй, тэр үеийн байр байдлыг харуулахуйц бүрэн зураглалыг гаргахын оронд хар цагаан өнгийн кадртай дүрс бичлэг харуулаад “олон улсад хар цагаан өнгийн дүрс бичлэгээр архиваа хийдэг юм” гэсэн утгагүй тайлбар хэлээд сууж байх юм. Бас Монгол кино нэгтгэл 6.5 га эзэмшлийн газартай бөгөөд урьд нь энд павильон барьж, зураг авалт хийдэг байсан. Гэтэл одоо орон сууцны барилга баригдаад, эхнээсээ ашиглалтанд ороод, наймаа цэцэглэх мэт болж байна. Энэ мэт олон үйлдлийг нь хуулийн дагуу тогтоож, хариуцлага тооцоосой гэж АТГ-т шалгуулахаар өгсөн юм.
-Ж.Солонгыг огцруулах тухайг Засгийн газрын хэмжээнд хүсэлт явуулсан байна. Үүнд ямар газрууд эв санаагаа нэгтгэсэн бэ?
-Монголын кино урлагийн зөвлөл, Монголын урлагийн ажилтны холбооны кино нийгэмлэг, Кино урлагийн академи, Кино нэгтгэлийн ахмадын холбоо, Кино телевизийн уран бүтээлчдийн холбоо, Гэрлийн хөдөлгөөн дүрсийн урлагийн уран бүтээлчдийн холбоо, Кино уран бүтээлчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, “Сүүдэр ший” ТББ, “Кино зохиолын эргэлт” ТББ, Монголын кино дэлгэцийн уран бүтээлч, зохиогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг нэгдлээ.
-Монгол кино нэгтгэл 15 гаруй жил хөгжсөнгүй гэж байна. Ийм удаан хугацаа өнгөрчихөөд байхад яагаад одоо гэнэт дуугарах болов?
-Тухайн үед нэг нэгээрээ энэ асуудлыг сөхдөг байсан бол одоо Кино урлагийн зөвлөл болон бусад иргэний нийгмийн байгууллагууд бий болж, нэгдэж чадаж байна. Гэхдээ хамгийн гол нь үүнийг олон жил тэмцэж, хэлж ярьж ирсэн ч Ж.Солонгын цаад арыг хамгаалдаг том хүмүүс байна. Энэ асуудал тухайн үедээ дээд шатныханд очоод замхраад л өнгөрдөг байсан. Гурван Ерөнхийлөгчийн нүүрийг үзсэн ч тэсээд үлдэж байгаа Ж.Солонгод Шинэчлэлийн Засгийн газар хариуцлага тооцно гэдэгт итгэлтэй байна.
-Энэ тал дээр Ж.Солонго өөрөө ямар тайлбар өгдөг вэ?
-Монгол кино нэгтгэл шинэ уран бүтээлчдийн хувьд хаалттай байдаг хэрнээ, ахмад уран бүтээлчиддээ ч тэр хаалттай байхад өөрөө хариулахдаа “зүв зүгээр, нээлттэй л байна шүү дээ” гэдэг. Бас ахмадуудад маань “та нар яаж ч чадахгүй, намайг дийлэхгүй” мэтээр ярьдаг юм. Улсын үнэт архивт тооцогдох кино урлагийн өв сан бий юу гэхэд байгаа гэдэг ч нэг ч удаа харуулж, дэлгэж байгаагүй.
-Цаашдаа энэ байдал өөрчлөгдөхгүй бол хэрхэн тэмцэх вэ?
-Ямар ч байсан Авилгатай тэмцэх газарт Ж.Солонгыг өгсөн. Цаашдаа Төрийн өмчийн хороонд ажлаас нь чөлөөлөх тухай албан бичиг явуулахаар бэлдэж байна. Мөн Цагдаагийн ерөнхий газарт хандана гэж бодож байгаа. Ингээд хандаж явахдаа киночид бид, уран бүтээлээ тасралтгүй хийсээр л байх болно.