Тамирчдын урамшуулалд сард 106 сая төгрөг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2013.01.31-нд нийтлэгдсэн

Тамирчдын урамшуулалд сард 106 сая төгрөг зарцуулна

“Монгол Улс олимпод оролцсон тэр цаг үеэс хойш хамгийн олон медалийг Лондон 2012 зуны XXX дугаар олимпоос авлаа.  Энэ буян хишиг бол зөвхөн энэ олимпиос медаль авсан тамирчид төдийгүй нийт үе үеийн тамирчдад очиж байгаагаараа гайхамшигтай юм” хэмээн өнгөрөгч Лондонгийн олимпийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч олимп, дэлхийн медальтнуудад насан туршийн урамшуулал олгох тухай зарлигийг ёсчлон танилцуулахдаа хэлж байлаа.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн  буулгасан 151 дүгээр зарлиг энэ оноос хэрэгжиж эхлэн,  олимпийн наадам, паралимп, олимпийн наадмын төрлийн зай, жинд багтдаг сонирхогчдын спортын ДАШТ-нээс медаль хүртсэн үе үеийн тамирчид өнөөдөр Ерөнхийлөгчийн “Батламж”, алтан картын хамт гардлаа. Төрийн ордны “Баганат” танхимд болсон энэхүү ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, яамны удирдлагууд оролцов.

Зарлиг ёсоор олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 4 сая, мөнгөн медаль хүртсэн тамирчинд 3 сая, хүрэл медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн, мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд 2 сая, мөнгөн медаль хүртсэн тамирчинд 1 сая, хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөгийн урамшууллыг сар бүр олгож байх юм.

Спортын гэх бүх хүний урмыг тэтгэсэн энэхүү зарлигийг “Монголын төрөөс, Монголын ард түмнээс тамирчиддаа өгч байгаа урам юм. Энэ зарлиг дээр урамшуулал гэж заасан байгаа. Энэ мөнгө бол тэтгэлэг ч биш, цалин ч биш, энэ бол урамшуулал юм. Урамшуулал гэдэг үгийн үндэс бол урам. Үнэхээр Монголын ард түмнээс биднийг баярлуулсаны чинь төлөө, Монголын төрөөс Монголын сайн нэрийг дэлхийд гаргасны чинь төлөө өгч байгаа ийм урам, өгч байгаа хайр, хүндэтгэл юм. Ард түмний чинь хайр хүндэтгэлийг  төлөөлж  энэ шийдвэрийг төр засаг гаргаж байгаа юм. Урамшууллын хамгийн гол зарчим бол сар бүр өгөгдөх ёстой. Тамирчин хүнд насан туршид нь олгогдож байгаа. Үүгээрээ онцлог. Яг амжилт гаргаж байх үед нь тойрсон олон найзууд, амжилт гаргаж байх үед нь уухайлсан олон хөгжөөн дэмжигчид, магтан сайшааж байсан олон хүмүүс байсан. Харин амжилт гаргахаа болиод ирэхээр гэртээ ойр дотнойхонтойгоо л үлддэг шүү дээ. Тэгэхээр та нарыг ганцааранг чинь ингэж орхихгүй ээ.  Монголын ард түмэн та бүхэнд өгч байсан тэр урмыг байнга хадгалж явах болно гэдгийг үүгээрээ харуулж байгаа юм” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч нэгэнтээ тэмдэглэж байсныг дахин онцолъё.

Тийм ээ, их спортыг ивээж байгаа энэ урамшуулал бол Монголын ард түмэн, төрөөс тамирчдадаа өгч буй хайр юм. Спортоор хичээллэж байсан, өдгөө спортын тавцанд эх орныхоо нэрийг мандуулж байгаа, ирээдүйд олимп, дэлхийн аварга болох үе үеийн тамирчид, спортын халуун бүлийнхэн өнөөдөр ийн Төр засгаас өгч буй урамшууллаа гардлаа. Урамшууллыг олимп, паралимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн 48 /Олимпийн медаль хүртсэн 11, олимп, дэлхийн хос медальтан 11, паралимпийн медаль хүртсэн 1, дэлхийн аваргын медаль хүртсэн 25 тамирчин/ тамирчин хүртэж байгаа. Тэдэнд сар бүрийн урамшуулал олгоход сард 106 сая төгрөг зарцуулах юм.  

Нэг зүйлийг онцлоход, дээрх зарлигт хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тамирчдын ар гэр, эхнэр, нөхөрт нь нэг жилийн хэмжээтэй тэнцэх урамшууллыг нэг удаа олгохоор заасны дагуу 1968 оны Мехикогийн олимпийн хүрэл медальт Төмөрийн Артаг, 1980 оны Москвагийн олимпийн мөнгөн медальт Жамцын Даваажав,  хүрэл медальт Дугарсүрэнгийн Оюунболд, бөхийн чөлөөт барилдааны ДАШТ-ий хүрэл медальт Лувсангийн Энхбаяр, боксын ДАШТ-ийн мөнгөн медальт Равсалын Отгонбаяр нарын гэр бүлд зарлигаар соёрхсон урамшууллыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл өнөөдөр гардуулж байгаа юм.






Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж