Авлигатай тэмцэх газраас Үндэсний татварын ерөнхий газрын дэд дарга асан Ж.Батбаярыг НӨАТ-аас зайлсхийсэн хэрэгт холбогдуулан өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн Улсын мөрдөн байцаах албатай хамтран шалгаж эхэлсэн. Тухайн үед УЕП-ын дэргэдэх Мөрдөх байцаах албаны дарга Б.Галдаа “Үндэсний татварын ерөнхий газрын ажилтнуудыг шалгаж эхэлсэн. Хэрэв гэм буруутай гэж үзвэл цаашид нэр бүхий ажилтнуудыг цагдан хорьж, нэр нь нийтэд ил болно” гэж мэдэгдэж байсан. Энэ үг биелэлээ олж дэд даргын хэрэгт холбоотой, хууль бусаар гэнэт хөрөнгөжсөн, улсын төсөвт төвлөрүүлэх ёстой их хэмжээний мөнгийг нуун дарагдуулж хувийн дансанд байршуулсан хэрэгт Үндэсний татварын ерөнхий газар /ҮТЕГ/-ийн хэлтсийн удирдлагуудад, байцаагч зэрэг дөрвөн хүнийг өнгөрсөн долоо хоногт саатуулан, шалгаж эхэллээ.
Албаны эх сурвалжууд “ҮТЕГ-ын Улсын төсөв, орлого, хяналтын газрын Судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат, Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, түүний хүү Г.Ганзул, байцаагч О.Бямбасүрэн нарыг саатуулан шалгаж эхэлсэн. Ч.Гансүх нарыг их хэмжээний татвар төлөгчдийг мөнгөнөөс завшиж хувийн данс нээн хуримталсан гэх хэрэгт буруутгаад буй” гэсэн мэдээлэл өгөөд байгаа. Мөн Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид ҮТЕГ-ын Улсын төсөв, орлого, хяналтын газрын Судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбатын дансанд нэг сая доллар, тус газрын байцаагч О.Бямбасүрэнгийн дансан дахь дөрвөн тэрбум төгрөгийг олж тогтоогоод байгаа гэх.
АТГ-ын Олон нийттэй харилцах албаны ажилтан П.Билгүүн “ҮТЕГ-ын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, түүний хүү зэрэг дөрвөн хүнийг саатуулан шалгаж эхлээд байгаа. Мөрдөн байцаалт дөнгөж эхлэж байгаа тул хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэж мэдээлсэн. Харин ҮТЕГ-ын ажилчид “Манай байгууллагын бүх өрөө камертай, утас чагнадаг, мэссэнжрийг ч мөн хянадаг гэсэн. Ажилгүй болчихгүйн тулд ямар ч мэдээлэл өгч чадахгүй” гэж эмээгээд байгаа.
Хуулийн байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр саатуулагдаад байгаа хэлтсийн дарга нар өмнө нь цөөнгүй удаа хуулийнханд шалгагдаж, мэдүүлэг өгч байсан гэнэ. Тухайлбал, Улсын төсөв, орлого, хяналтын газрын Судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат өмнө нь Баянгол дүүргийн татварын хэлтсийн даргаар ажиллаж байх үедээ эрүүгийн хэрэгт холбогдогчоор татагдан шалгагдаж байсан. Мөн ҮТЕГ-ын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх нь Хадгаламж зээлийн хоршоодын дампуурсан гэх хэрэгт сэжигтнээр шалгуулж байсан ч хуулийнхан түүнийг гэм буруугүй гэж үзсэн байх юм. Мөн Ч.Гансүх нь ҮТЕГ-ын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаад арваад жил өнгөрч байгаа болохоор ч тэрүү ил, далд хурааж, хадгалсан багагүй бэлтэй нэгэн бололтой.
Татвар нуун дарагдуулсан гэх хэрэгт Үндэсний татварын ерөнхий газрын дэд дарга, хэлтсийн дарга, байцаагч нарыг шалгаад зогсохгүй. Цаашид ч энэ хэрэгт холбоотойгоор тус газрын цөөнгүй ажилтныг сэжигтнээр татан шалгахаар зэхээд буйг хуулийнхан нуусангүй.