Элчин сайдуудыг томиллоо

Хуучирсан мэдээ: 2013.01.31-нд нийтлэгдсэн

Элчин сайдуудыг томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг томилох болон чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосны дагуу Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Ш.Алтангэрэлийг томилох саналыг гишүүдийн 81 хувиар, Монгол Улсаас Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Элчин сайдаар Н.Тулгыг томилохыг гишүүдийн 83 хувиар, Монгол Улсаас Шведийн вант улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар З.Алтайг томилохыг гишүүдийн 89.6 хувь нь, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар улсад суух Онц бөгөөд эрхт Элчин сайдаар н.Дүгэржавыг томилохыг 81.3 хувь, Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Д.Зүмбэрэллхамыг томилохыг гишүүдийн 87.5 хувиар тус бүр дэмжин баталлаа.

Элчин сайдуудыг томилогдохын өмнө УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва нэр дэвшигчдэд хандаж “Оросод суух Элчин сайдад хандаж хэлэхэд Монгол, Оросын худалдаа эдийн засгийг хөгжүүлэхэд онцгой анхаарах ёстой. ОХУ Дэлхийн худалдааны байгууллагад шилжин орсонтой  нь холбогдуулаад бусад салбараа хөгжүүлэхэд анхаарах. Чех, Болгар улсуудад Элчин сайдаар суух нөхдүүдэд хэлэхэд Европын стандарт олох чиглэлээр бидэнд бодит туршлага болсон улс тул түүнийг нь судлах. Умард ирландын хувьд технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүлдэг тул онцгой анхаарч ажиллах шаардлага байгаа шүү” гэж байлаа.

Элчин сайд нарыг томилсонтой холбогдуулан Монгол Улсаас гадаад орнуудад суугаа нэр бүхий Элчин сайдуудыг эгүүлэн татлаа. Үүнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Идэвхтэн, Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суугаа Элчин сайд Б.Алтангэрэл,  Шведийн вант улсад суугаа улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Энхмандах, Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Ганхуяг, Бүгд Найрамдах Чех улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Цоггэрэл нар багтаж татагдлаа.

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан завсарлаад байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үдээс хойш 15.00 цагт үргэлжилнэ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж