А.Гансүхийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл

Хуучирсан мэдээ: 2013.01.31-нд нийтлэгдсэн

А.Гансүхийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл

Зам тээврийн сайд А.Гансүх Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Бат­тулгыг улаан нүүрээ улал­зуулан хамгаалж байна. Тэр “Х.Баттулга бол миний итгэлт анд. Би ч түүний хийсэн бүхэнд итгэдэг” гэхчилэн хэн ч асуугаагүй байхад өөрөө хариулж байв. Тэр ч бүү хэл, “МИАТ”-ийн мөн­гийг завшсан гэх “Мон­голиан Эйрлайнес” ком­панийн хувь эзэм­шигч нь Х.Баттулга биш гэдгийг баталгаатай хэлнэ хэ­мээн нэгэн хэвлэлд ярьжээ.

Энэ нь түүнийг Х.Бат­тулгын халаасны хүн гэдгийг илтгэж, түүний тушаалаар ажилладаг бо­лохыг нь давхар батлах шиг боллоо. Хэвлэл мэ­дээллийн хэрэгс­лүүдэд бичиж, нэр бүхий ги­шүү­ний ярьж буй­гаар “МИАТ”-ийн мөн­гийг угаасан “Мон­голиан Эйр­лайнес” ком­панийн тодорхой хувийг Х.Баттулга хоёр эзэмшиж байсан гэх. Хувь эзэмшдэг эсэхээ Х.Бат­тулга сайд өөрөө ч тайл­барлаагүй байхад А.Ган­сүх түүний өмнөөс батал­гаа гарган ярьсан нь олон нийтэд сэжиг төрүүлж байна.

Өөрөөр хэлбэл, Х.Баттулгын захиалгаар Монголын Төмөр замын захирал М.Энхсайханыг ажлаас чөлөөлөөд зогсох­гүй түүний алдар хүндийг гу­таах зорилго бүхий бич­лэгийг олон нийтэд тарааж байна гэсэн хардлага. Про­курорын байгуул­ла­гын­хан хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр гэмт хэргийн шинжтэй мэдээ, мэдээлэл гарвал хянан шалгаж бай­гаа. Тэгвэл А.Гансүхийн хийсэн үйл­дэл, хэлж ярьсанд нь хэрэг үүсгэж шалгах нөхцөл үүссэн гэдгийг хуульчид онцолж байна.

М.Энх­сайханы төмөр замын тухай ярьж байгаа бич­лэгийг нууцаар бичиж цахим хаягт байр­шуулжээ. Харин хаана хийсэн бич­лэг нь тодорхойгүй. А.Ган­сүх сайдын хэлж буйгаар сайд нарын шуур­хайгаас дуу хураагуур тавьж бичсэн байна. Сайдын шуурхай гэхээр Ерөнхий сайдын өрөөнд болж таарна. Ерөн­хий сайд бол Үндэсний аюулгүй байд­лын зөв­лөлийн гишүүн. Үндэс­ний аюулгүй байд­лын зөвлө­лийн гишүүний өрөөнд нууц бичлэг хийнэ гэдэг маш ноцтой гэмт хэрэг. АТГ-ын дарга асан Ч.Сангарагчаа, дэд дарга байсан Д.Сундуйсүрэн нар энэ л зарчмаар бусдыг тагнаж чагнасан гэж шүүхийн хаалга татсан. Бичлэгийн тухай М.Энх­сайхан “Хэн хийснийг тааж ядах юмгүй.

Тэр бич­лэгийг Х.Баттулга УИХ-ын гишүүдэд үзүүлээд явж байна гэж надад хэд хэдэн гишүүн хэлсэн. Энэ бол албаны яриа. Хаана гэд­гийг нь бичлэг хийсэн хүмүүс мэдэж байгаа. Ерөн­х­ий сайдын өрөөнд бичсэн байж магадгүй. Яагаад гэвэл би тэнд төмөр замын асууд­лаар илүү дэл­гэ­рэн­гүй ярьсан. Үүнийг шал­гах ёстой. Ерөн­хий сайд бол Үн­дэс­ний аюулгүй байдлын зөв­лөлийн ги­шүүн. Үндэсний аюулгүй байдлын зөвлө­лийн гишүүний өрөөнд нууц бичлэг хийнэ гэдэг гэмт хэрэг биш үү” гэж хариулав. Тэгэхээр бичлэг хийсэн, олон нийтэд та­раа­сан хүмүүс хариуцлага хүлээх бололтой. Эрүү­гийн хуулийн 136 дугаар зүйлд хуулиар хамгаалагд­сан хувь хүний нууцыг олон нийтэд тараасны улмаас бусдад хүнд хор уршиг учирсан бол хөдөл­мөрийн хөлсний доод хэм­жээг 51-250 дахин нэмэг­дүүл­сэн­тэй тэнцэх хэм­жээ­ний төгрөгөөр торгоно. Эсвэл гэмт хэргийн үйлд­лээс нь хамаарч 3-6 сар хүртэл хугацаагаар ба­ривч­лах, таван жил хүртэл хугацаа­гаар хорих ял шийтгэхээр заажээ. Харин А.Гансүх сайд хууль бус бичлэгээ хууль зөрчөөгүй гэж тайлбарлаж байна.

Д.БОЛОР

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж