Монгол инженерүүд 220 кВ-ын шугам тавилаа

Хуучирсан мэдээ: 2013.01.31-нд нийтлэгдсэн

Монгол инженерүүд 220 кВ-ын шугам тавилаа

М-СИ-ЭС ИНТЕРНЭЙШНЛ КОМПАНИ АХАЛЖ МОНГОЛЫН ИНЖЕНЕРҮҮД АНХ УДАА 220 кВ-ын ШУГАМ ТАВЬЛАА


Өмнөговь аймаг Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдлоо. Энэ төслийг гүйцэтгэсэн "М-Си-Эс Интернэйшнл" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.ГАНБОЛДТОЙ ярилцав.

-Өмнөговь аймгийн Даланзадгад хот болон Манлай сум Төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдлоо. Эрчим хүчний найдвартай эх үүсвэрт холбох энэ ажлыг хэдий хугацаанд хэрэгжүүлсэн бэ?

-Манай ажил албан ёсоор эхэлснээс хойш бол үндсэндээ жил хагас л болж байна. Уг нь 2008 онд олон улсын нээлттэй тендер зарлагдсанаар  Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн өндөр хүчдлийн шугам, дэд станцыг барьж байгуулах ажил эхлэх боломж байсан. 2008 оны аравдугаар сараас гэрээний хэлцэл эхэлсэн боловч харамсалтай нь ихээхэн удааширч 2010 оны хоёрдугаар сарын 5-нд “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2011 оны зургадугаар  сарын 14-нд “Төлбөр тооцооны гэрээ”-г Сангийн яам болон Эрдэс баялаг, эрчим хүчний яамтай байгуулснаар төслийн ажил албан ёсоор эхэлсэн. Ядаж хоёр жилийн өмнө ажлаа эхэлсэн бол өдийд үр ашгаа өгөөд эхэлчихсэн байх байв. Өөрөөр хэлбэл, Тавантолгой, Оюутолгойн төслүүдийн барилга угсралтын ажилд зохих хувь нэмрээ оруулчихсан, Даланзадгад хот цахилгаанаар тасалддаг, хязгаарладаг асуудлаасаа гарчихсан л байх байсан. Гэхдээ яахав, хожимдсон ч гэсэн энэ ажил эхэлж өнөөдөр бүтээн байгуулалт болчихоод байна. Компани өөрөө бүх эрсдлийг үүрч санхүүжилтынхаа ихэнх хувийг гаргаж энэ бүтээн байгуулалтыг хийлээ.

-Төслийн хүрээнд яг ямар ажлууд хийгдсэн бэ. Монгол инженерүүдийн гараар боссон гэж сонслоо?

-Анх удаа монголчууд бие даан 220 кВ-ын хоёр хэлхээт өндөр хүчдлийн шугам, дэд станцын инженерингийн зураг төслийг иж бүрнээр нь боловсруулсан. Улмаар 220 кВ-ын хоёр хэлхээтэй 400 орчим км шугамын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Ингэснээр дотоодын компаниуд, инженер, ажилтнууд цаашид томоохон бүтээн байгуулалтыг бие даан гүйцэтгэх итгэл, дадлага туршлагыг хуримтлуулж чадлаа. Энэ ажилд одоогоор дотоодын 40 гаруй компани оролцсон. Нийтдээ 30 гаруй мянган тонн ачаа бараа тээвэрлэж хүргэн, угсарч суурилуулсан, зарим саруудад 300 гаруй ажилтан, 100 гаруй машин механизм талбай дээр зэрэг ажиллаж байсан гэхээр маш том бүтээн байгуулалтын ажил болсон нь төсөөлөгдөх байх. Сонирхуулж хэлэхэд, энэ шугам нийт 1300 гаруй төмөр тулгууртай. Ихэнх тулгуур нь 12 давхар байшингаас өндөр буюу 42 метртэй, уул, хад, намаг, элстэй газраар Улаанбаатараас Эрдэнэт орохоор зайд цувж байрласан, дамжуулагч утас нь гэхэд л хоёр хуруу хэрийн бүдүүнтэй юм. Ийм ажлын ард монгол инженерүүд, ажилчид маань гарч чадлаа. Үүгээр би хувьдаа бахархаж байгаа шүү.

-Өмнөговь бол Монгол орны үүц нь. Энэ үүцээ задлахад мэдээж эрчим хүч хамгийн их шаардлагатай байгаа шүү дээ. Ингэж төвийн эрчим хүчний сүлжээнд холбосноор ямар үр дүн гарах вэ?

-Энэ төслийн үндсэн зорилгыг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем өргөжин өмнийн говийн ард иргэдийг тогтвортой, найдвартай цахилгаан хангамжинд холбох, Тавантолгой, Оюутолгой, Цагаан суварга зэрэг манай улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах төслүүдийг цахилгаанаар хангах, нүүрсний том ордоо түшиглэн том чадлын цахилгаан станц барьсанаар төвлөрсөн эрчим хүчний хангамжийг сайжруулахад оршиж байгаа гэж ойлгодог. Монголчууд бид хугацаа алдан эх үүсвэр болон цахилгаан дамжуулах шугамынхаа асуудлыг шийдэж байгаагаас болоод хамгийн том, онцгой ач холбогдолтой Оюутолгойн төсөл гэхэд л Хятад улсаас импортоор цахилгаан авч байна шүү дээ. Цаашид эрчим хүчээ дотоодоосоо хангах асуудлыг яаравчлах л хэрэгтэй байна. Томоохон хэрэглэгчид, хот сууринг бие даасан дизель станц, эсхүл тусдаа ажилладаг Дулааны цахилгаан станцаас цахилгаанаар хангах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй, найдваргүй гэдгийг Өмнөговийг эрчим хүчээр хангаж байгаа бодит байдал бэлхэнээ харуулж байна.

-Танай компанийг энэ талын ихээхэн туршлагатайг мэдэх юм байна?

-Манай "М-Си-Эс Интернэйшнл" компани 2003-2004 онд Булганаас Хөвсгөл аймгийн Мөрөн хотыг хүртэлх 300 орчим км, 2004-2005 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотоос Баянтээгийн нүүрсний уурхайгаар дамжуулан Баянхонгор хүртэл 200 гаруй км 110 кВ хүчдлийн шугамаар холбох ажлыг гүйцэтгэсэн юм. Одоо эдгээр аймгийн ихэнх сум төвийн эрчим хүчинд холбогдсон, тогтвортой цахилгаантай улсын төсвөөс татаас авахгүй ажиллаж байгаа нь төвлөрсөн системд холбогдон ажиллахын давуу талыг тод харуулж байгаа юм.
    
-Бид Оюутолгойгоо, Тавантолгойгоо эрчим хүчээр өөрсдөө хангах бололцоо бий юү?

-Манай эрчим хүчнийхний гол зорилт бол томоохон хэрэглэгчдийг дотоодоосоо эрчим хүчээр хангаж, борлуулалтын орлогоо нэмэгдүүлэн, алдагдалгүй ажилласнаар ард иргэдээ найдвартай цахилгаанаар хангах нөхцөлийг бүрдүүлэх, боломж нь бүрдвэл хямд цахилгаанаар бусад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, ард иргэдээ хангах замаар дэмжлэг үзүүлэх явдал юм. Оюутолгойн үйлдвэр гэхэд Эрдэнэтийн үйлдвэрээс хоёр дахин том хэрэглээ гэж тооцоход л 380 гаруй МВт чадал болох юм. Дээр нь Тавантолгойн коксжих нүүрсний орд орчмын хэрэглээ 100 МВт, Цагаан суварга орчимд 80 МВт гэх зэрэг бодитой хүлээгдэж байгаа хэрэглээг хангана гэхэд л одоо манай улсын нийт хэрэглэж байгаа цахилгааны талаас илүү хувьтай тэнцэхээр байгаа юм. Цахилгаан станц барих нь багаар бодоход 3-аас доошгүй жилийн  хугацаа, ихээхэн хөрөнгө оруулалт, хүн хүч шаардсан томоохон бүтээн байгуулалтын ажил шүү дээ. Манай улсын хувьд Оюутолгойгоор дамжуулан Хятад улсын эрчим хүчний системээс цахилгаан авах боломжтой болсон нь дотоодоосоо цахилгаанаар хангах нөхцөлөө бүрдүүлэх хүртэл хугацаанд дутагдаж байгаа чадлаа зөвхөн ОХУ-аас гадна манай энэ төслөөр барьж байгаа шугамаар дамжуулан өмнөд хөршөөс авах техникийн боломж бүрдэж байгаагаараа ач холбогдол нь нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний аливаа доголдол, хэрэглээгээ дийлэхгүй болох үед бид зөвхөн ОХУ руу л хардаг байсан бол одоо өөрчлөгдлөө. Энэ нь Тавантолгойд, түүнчлэн Тавдугаар цахилгаан станц баригдах хүртэлх хугацаанд Монгол Улсыг эрчим хүчний хувьд хангах нэг шинэ эх үүсвэрийг бий болгосон гэсэн үг л дээ. Цаашдаа Оюутолгойгоор дамжуулан сая бидний барьсан цахилгаан дамжуулах агаарын шугамыг ашиглан Азийн эрчим хүчний сүлжээнд холбогдон эрчим хүч дутсан үед авах, нөгөөтэйгүүр нүүрсний баялаг нөөцдөө түшиглэн шинэ өндөр хүчин чадалтай цахилгаан станцууд барьсанаар эрчим хүчээ экспортлох бололцоо бий болсон.

-Ярилцлага өгсөн Таньд баярлалаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж