
Тэрээр 1840 оны намар “Навуходоносор” дууриа эхэлж, нэг жилийн дараа Миланд тоглуулж хэдийгээр өвөрмөц биш ч талархал хүлээсэн үеэсээ дуурь бичдэг, захиалга ч авдаг болжээ. Түүх домгийн сэдэвтэй, эх оронч, баатарлаг энэ зохиол цаашдын бүтээлийн сэдэв, агуулга, чиг барилыг зааж өгсөн байна. 1843 онд тавигдсан “Загалмайтны аян дайнд Ломбардчууд оролцсон нь” дуурь нь алдрыг нь баталж өглөө. Эдгээр зохиолууд нь харийн түрэмгийлэгчдийг эсэргүүцэн тэмцсэн сэдэвтэйгээр, 1848-1849 оны хувьсгал, үндэсний чөлөөлөх чухал асуудлыг дэвшүүлж байсан учир зохиолыг хаах, хориглоход хүрч байлаа. Дж.Верди амьдралдаа 40 дуурь бичсэн. Тэрээр 1871 онд “Аида” дууриа бичиж тайзнаа тавьсны дараа дуурь бичихээ болихоор шийдсэн гэдэг. Дахин хэзээ ч дуурь бичихгүй, ингээд тэтгэвэртээ суулаа гэж мэдэгдсэн тэрээр 6, 7 жилийн дараа У.Шекспирийн “Отелло”-гоор дуурь бичсэнд Италийн нийгэм бараг тэр аяараа хөдөлгөөнд оржээ.
Шекспирийн улаан фен Дж.Верди жүжгийн зохиолуудад нь маш дуртай байсан учир энэ алдарт эмгэнэлийг дууриар илэрхийлэхэд хүрсэн бололтой. Өмнө нь 1847 онд түүний Шекспирийн “Махбет” жүжгээр дуурь бичсэн боловч тэр оролдлого нь бүтэлгүйтэж байжээ. Агуу их хөгжмийн зохиолчид “Махбет” дуурь “Отелло”-г бодвол илүү хүнд санагдсан гэдэг. Дж.Верди урлах аргын хувьд романтизмаас амьдралын гүнд орсон реалист аргад шилжжээ.
Түүний реализмын анхны оргил нь “Риголетто”, “Трубадур”, “Травиата” хэмээх гурамсан дуурь болов. Тэрээр 60-70-аад онд “Сицилийн үдэш”, “Симон Бокканегра”, “Багт наадам”, “Хувь заяаны хүч”, “Дон Карлос” дууриудаа бичихдээ 50-аад оны дуурьтаа хэрэглэсэн арга маягаа давтахгүйн тулд сэдэв, дүр, илэрхийлэл шинэ арга зам цөхрөлтгүй эрж байсан юм. Дж.Верди дууриудаараа дэлхийн хөгжмийн ертөнцөд “Вердийн эмгэнэл” хэмээн нэрлэж болох хэв шинжийг баттайяа тогтоосон хүн юм.

Тоглолтын дараа тус дуурийг удирдсан МУУГЗ, дэлгэцийн урлагт “Нийслэл хүү” киноны дүрээрээ олны танил, удирдаач Ж.Бүрэнбэхтэй уулзан цөөн хором ярилцлаа.
-Өнөөдөр тоглогдсон Дж.Вердийн “Трубадур” дуурийн тухай сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Өнөөдөр Италийн нэрт зохиолч Дж.Вердийн “Трубадур” дуурийг тоглолоо. Тоглолт сайхан боллоо. Ер нь хөгжмийн театрын жүжигчдэд нэг талаас үзэгчид их нөлөөлдөг. Үзэгчдийн халуун дулаан алга ташилт болгонд хөгжимчид, жүжигчид, удирдаачид урам зориг авч байдаг. Дуурийн театр 46 дахь улиралдаа тоглож байна. Манайд олон сайхан сонгодог дууриуд бий л дээ. Тухайлбал дуурийн хаан Дж.Верди 26 дуурь бичсэн хүн. Түүний 26 дууриас дэлхийн театруудад арваад дуурь явдаг бол манайд дөрвөн дуурь тогтмол явж байна. Манай театрт анх “Травиатта” дуурийг эхэлж тавьсан бол дараа нь “Риголетто”, “Трубадур” гээд хамгийн сүүлд нь “Отелло” дуурийг тавьсан. Энэ жилийн сезондоо анх удаа тавьж байна. Ер нь тэгээд сонгодог урлагийн бүтээлүүдээ аль болох байлгах гэж боддог юм. Гэхдээ олон монгол жүжгүүд байна, цөөхөн тоглож байна. Хэдий хүн амын маань тал хувь нь шахуу Улаанбаатарт амьдарч хотын хүн ам ихэссэн ч театрт бага нэмэгддэг юм. Учир нь сонгодог урлаг бол тэр болгон хүн кино, хошин шог үзэж байгаа юм шиг үзчихдэггүй, үзээд ч бас ойлгоход хэцүү. Үнэхээр сонирхоод дахин, дахин энэний учрыг олоод үзвэл хөгжмийн амт шимтэнд орж дасан тэмүүлж сонгодог бүтээлээс сэтгэлийн өндөр таашаал авдаг. Энэ бол дэлхийн бүх соёлт хүн төрөлхтөний хамгийн уламжлал болсон заншил.
-Өнөөдрийн дуурийн онцлог нь юу вэ?
-Өнөөдрийн дуурийн хувьд хуучин дуулж байсан туршлагатай дуучид дууллаа. Сайхан боллоо. Үзэгчид бол энэ дуурийг хэн дуулахыг, яг хэзээ гарахыг мэддэг. Нэг жил шахуу хүлээж байж ирж байгаа үзэгчид шүү дээ. Манай жүжигчид сайхан тоглолоо. Үзэгчид ч сайхан хүлээж авлаа. Аль аль нь хүсэн хүлээсэн, өгөөжтэй болсон байх гэж бодож байна.
-Удирдаач хүний сонсох мэдрэмж асар өндөр байдаг. Тухайн тоглолтын бүх хөгжимчид, дуучдыг нэг бүрчлэн салгаж сонсч байдаг нь гайхалтай санагддаг?
-Энэ бол мэргэжлийн онцлог. Бүх юмыг сонсч байх ёстой. Удирдаачид хамаарахгүй нэг ч юм байдаггүй. Тэр дуулж байгаа дуучин, найрал дуу, хөгжимдөж байгаа хөгжимчин гээд тэр бүхэн удирдаачийн удирдлагад тоглодог. Удирдаачаас ангид байна гэж огт байдаггүй.Удирдаач бол их нарийн онцгой мэргэжил. Хүссэн болгон шүүрээд авахад хэцүү. Гэхдээ хөгжимчин болгоны толгой удирдаач болох юмсан, цэрэг бүрийн толгойд генерал болох юмсан гэсэн бодол байдаг.
Г.Даша