Боксын УАШТ нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.01.30-нд нийтлэгдсэн

Боксын УАШТ нээлтээ хийлээ

Боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах 39 дэх удаагийн тэмцээний нээлтийн ёслол өнөөдөр Спортын төв ордонд боллоо. Зууны манлай дасгалжуулагч, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит энэ жилийн тэмцээнд 28 байгууллагын 208 тамирчин эрэгтэй 10, эмэгтэй гурван жингийн ангилалд өрсөлдөж байна. Боксын 2013 оны тэмцээн, уралдааны салхийг хагалж буй УАШТ-ий рингэнд Лондонгийн олимпийн баатрууд болох Гавьяат тамирчин Н.Төгсцогт, У.Мөнх-Эрдэнэ нар өрсөлдөж байгаа юм. Н.Төгсцогт гавьяатын хувьд жин өгсч, 56 кг-д тоглож байна.

Өнөөдөр 18.00 цагт болсон тэмцээний нээлтийн ёслолын дараа УАШТ-ий рингэнд тун сонирхолтой тулаан өрнөв. 64 кг-ын жинд тоглож буй Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 1/16 шигшээд “Алдар” спорт хорооны боксчин Б.Чинзоригтой тулалдав. Олимпийн наадмаас хойш анхны тэмцээндээ оролцсон У.Мөнх-Эрдэнэ тус тоглолтод 26:17 харьцаатай ялагдал хүлээж, улсын аваргыг орхилоо. Тоглолтын эхний үе 8:6 харьцаатай улаан булангаас гарч тоглосон Б.Чинзоригийн ялалтаар өндөрлөсөн бол хоёрдугаар үе онооны харьцаатай улам ч холдож, 18:11 болов. Шийдвэрлэх гуравдугаар үед Б.Чинзоригийн ээлж дараалсан цохилтууд амжилттай болж, тоглолт 26:17 харьцаатай өндөрлөсөн юм. У.Мөнх-Эрдэнийн хувьд энэ жилийн тэмцээн магадгүй спортын замналынх нь хамгийн сүүлчийн УАШТ ч байж болох.

УАШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд өнгөрөгч даваа гаригт эхэлсэн бөгөөд өнөөдрөөс 1/16 шигшээ тоглолтууд эхэлж байна. Тэмцээний аваргууд ирэх ням гаригт тодрох юм.


С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж