Үзэсгэлэнд сум, луужин, заан, дэльфин, дарцаг, хун, зоосон мөнгө, төгрөг, гадаад улс орнуудын ярианы карт, лааны суурь, хун зэрэг сонирхолтой цуглуулгуудыг дэлгэн тавьжээ. Сум гэхэд 100 өөр төрлийнх байх юм. Зарим цуглуулагчтай цуглуулгынх нь талаар ярилцлаа.
-Яагаад сум цуглуулах болов?
-Анх 011 дүгээр ангид ажиллаж эхлэхэд ангийн болон байлдааны бууны засварын ажил их хийж, тухайн үед янз бүрийн сумыг ямар бууных болохыг мэдэхгүй ахлах засварчдаасаа их асуудаг байлаа. Тэр үедээ асуухад хялбар, үзүүлээд л нэрийг нь мэднэ гэж сум цуглуулж эхэлсэн. Буудлагын клубийнхэн, янз бүрийн хүмүүс ирж бууны тусгалаа тохируулуулдаг байсан болохоор яалт ч үгүй сумыг судлах хэрэг гарсан л даа. Иймэрхүү хүчин зүйлүүд дээр тулгуурлаж сум цуглуулах болсон.
-Үзэсгэлэнд хэчнээн сум тавив. Цуглуулгынхаа сумны тоог хэлэхгүй юу?
-Үзэсгэлэнд 16 орны 40 төрлийн 100 сум тавьсан. Цэргийн ангид 32 жил ажиллаж байна. Энэ хугацаанд 100-гаас хол илүүг цуглуулсан. Мөн дуран, гэрэллэг хэрэгсэл, бууны тухай ном, сэтгүүл цуглуулдаг.
-Цуглуулгадаа нэмэхээр хайж байгаа сум бий юу?
-Нойрсуулах үйлчилгээтэй сум олох гэж хайж байгаа.
-Таниас өөр сум цуглуулдаг хүн байдаг болов уу?
-Олон хүн байхгүй байх. Надаас гадна нэг хурандаа цуглуулдаг.
-Өөрийнхөө цуглуулгаас хамгийн ховор, үнэтэйг нь нэрлэвэл?
-Дээр үеийн цахиар бууны сум байгаа. Сумгүй байх үед монголчууд өөрсдөө тугалга цутгаад хийж байсан юм, их ховор. Мөн Rem 300 загварын сум хамгийн ховор нандин цуглуулга.
-Ямар, ямар сум байгааг нэрлэхгүй юу. Хүмүүст сонирхолтой байх?
-Магнум, хуяг нэвтлэгч, ТТ, наган, гэрэлт, галт, япон винтов, дохионы сум гэх мэт янз бүрийн сум бий дээ.
-Цуглуулгаа өргөжүүлэхэд хэр их цаг зарцуулдаг вэ?
-Тодорхой хэмжээгээр цаг зарцуулна. Голцуу эрлээр олдог. Тэрэнд байна, тийм хүнд байна гэсэн сургаар хайж явж олдог. Хүмүүс ч бас авчирч өгдөг.
-Сум цуглуулахын ач холбогдлыг та юу гэж боддог вэ?
-Түүх, танин мэдэхүйн ач холбогдолтой. 1939 оны дайнд хэрэглэж байсан япон винтовын сум гэхэд л тэр дайны тухай түүхийг өгүүлнэ байх. За, тэгээд Монгол Улсад хэдэн нэр төрлийн ямар сумаар бууддаг гэх мэт танины мэдэхүйн мэдээлэл агуулна.
-Цуглуулгаа хэн нэгэнд өвлүүлэх үү?
-Өвлүүлэлгүй яах вэ. Ганц хүүтэй. Хүүдээ өвлүүлнэ.
-Та луужин цуглуулдаг юм байна. Цэргийн хүнд луужин хамгийн хэрэгтэй зүйл нь байдаг уу?
-Тэгэлгүй яах вэ. Цэргийн хүний хувьд зүг чигээ олно гэдэг хамгийн чухал байдаг.
-Хэзээнээс цуглуулгаа эхлэв?
-Афганистан улсад үүрэг гүйцэтгэж байхдаа анх гурван луужин худалдаж авсан. Түүнээс хойш явсан газар бүрээсээ луужин цуглуулах болсон. Миний цуглуулгад арван улсад үйлдвэрлэсэн 20 луужин бий. Ихэнх нь эртнийх бөгөөд 1824, 1862, 1917 оны загварууд байгаа.
-Нууц биш бол ямар үнэ ханшаар авдаг вэ?
-10-30 ам.доллараар л ихэвчлэн худалдаж авдаг даа.
-Та дарцагны цуглуулгатай юм байна. Энэ тухайгаа манай уншигчдад сонирхуулахгүй юу?
-2007 онд Москвад цэргийн музей үзэж яваад вимпел буюу дарцаг дэлгэсэн байхыг хараад их аятайхан санагдаж, цуглуулах санаа төрсөн боловч тухайн үедээ эхлэлгүй байж байгаад өнгөрсөн жил Монгол цэргийн музейд гаргасан “Хообий” үзэсгэлэнг үзээд тэр үеэс жинхэнэ утгаар нь цуглуулах хүсэл төрж цуглуулж эхэлсэн дээ.
-Дандаа цэргийн холбогдолтой дарцаг уу?
-Тиймээ, дандаа цэргийн холбогдолтой. Тухайлбал, ОХУ-ын БХЯ-ны, Жанжин штабын, Хуурай замын командлалынх байгаа. Дархан, Сэлэнгийн хээрийн сургуульд оролцохдоо авсан дарцагнууд маань миний цуглуулгын хамгийн үнэ цэнэтэй нь.
-Дарцаг дээр нэлээд их мэдээлэл байдаг уу?
-Дарцаг тухайн байгууллагын илэрхийлэл байдаг. Дарцгаараа дамжуулж байгууллагаа сурталчилдаг гэдэг утгаараа тухайн байгууллагын эмблэм, лого, нэр гээд мэдээллүүд байдаг шүү. Мөн түүхийн ач холбогдолтой.
-Таны цуглуулгад хэчнээн дарцаг байна?
-Таван улсын 60 гаруй дарцаг бий.
“Хообий” үзэсгэлэн хоёрдугаар сарын 28 хүртэл гарах юм. Мягмар гаригаас бусад ажлын өдрүүдэд 09:17.00 цагийн хооронд Монгол цэргийн музейг зорьж очвол уг музейг болон “Хообий” үзэсгэлэнг 1000 төгрөгөөр үзэх боломж уншигч таныг хүлээж байна.
Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин