Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл лавлагааны төвд өнгөрсөн онд хүүхэдтэй холбоотой хэрэг 82 хувиар өссөн хэмээн тэмдэглэжээ. Энэ тэмдэглэл дунд өсвөр насныхны мансууруулах бодистой холбоотой хэрэг багагүй хувийг эзэлж буйг цагдаагийн байгууллагууд онцолж буй. Өнгөрсөн оны эхний арван сард цагдаагийн газарт өсвөр үеийнхэн мансууруулах бодис хэрэглэсэн 51 хэрэг бүртгэгджээ. Цавуу, хий үнэрлэж, хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт өсвөр насны гурван охин байрны орцонд мансуурч байсныг цагдаа нар илрүүлсэн. Ирээдүй минь ийм зүйлд ингэтлээ дурлах болсон шалтгааныг мэргэжилтнүүд хэд хэдэн янзаар тайлбарлаж байна. Аав, ээжийн хараа хяналт сул хүүхэд ихэвчлэн энэ хэрэгт холбогдож байгаа юм. Мөн ар гэрийн амьдрал нь сэтгэлзүйд нь нөлөөлснөөр мансуурч байгаа хүүхэд байгааг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар хэлж байв. Түүнчлэн тэдний үздэг Эрүүл мэндийн хичээлийн агуулгад эрүүл аж төрөх, мансуурах бодисын хор хөнөөлийн талаар хангалтгүй оруулснаас олон зуун хүүхэд эрүүл мэндээрээ хохирч байгааг онцолж байгаа юм.
Газ, цавуу тэдний биеийг хэрхэн хордуулж байгаа талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Наркологийн мэргэжилтэн С.Мөнхтуяагаас тодруулсан юм.
-Мансууруулах, донтох, сэтгэцэд нөлөөлөх эм, бодис хүний биед ямар хор хөнөөлтэй вэ?
-Хийн найрлагад пропан, бутан, хүхэр зэрэг хүний биед сөрөг нөлөөтэй олон химийн бодис агуулагддаг. Энэ хорт бодисууд хүний тархи мэдрэлийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхөөс гадна арьсыг түлэх, амьсгал боогдуулах, нүдний салстуудыг гэмтээх аюултай. Үүнийг бага насныхан төдийгүй өсвөр үеийнхэн мэдэхгүйгээс болж эрүүл мэндээрээ хохирсоор байна.
-Тэгвэл тэд мансууруулах, донтох, сэтгэцэд нөлөөлөх эм, бодисын талаарх мэдээлэл, боловсролоор дутмаг байна гэсэн үг үү?
-Тэд дурласандаа газ үнэрлэж байгаа юм биш. Хүүхдүүд стресс, уур бухимдал ихтэй байна. Амьдарч байгаа ар гэр, нийгэмд нь асуудал их байгаа болохоор тэд бяцхан оюундаа бухимдаж, амьдралаас ангид зүйлийг шохоорхож эхэлж байна. Мөн тэдэнд эрүүл амьдрах боловсрол дутаж байна. Тэдний үзэж байгаа Эрүүл мэндийн хичээлийн агуулгад амны хөндий, гарын ариун цэврийг сахихыг илүү чухалчилсан байдаг. Газан дээрх аюулгүй байдлын таних тэмдгийг мэддэггүй хүүхэд байна. Манай төвөөс нийслэлийн зарим сургуульд эрүүл ахуйн танхим нээж өгсөн. Ажиглаад байхад эдгээр сургуулийн сурагчид ийм хэрэгт холбогддоггүй.
Харин мансууруулах, донтох, сэтгэцэд нөлөөлөх эм, бодис, түүний хор хөнөөлийн талаар Ерөнхий боловсролын сурагчид хэр мэдээлэлтэй байдаг. Тэдэнд энэ талаар хангалттай хичээл орж байгаа эсэхийг Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн Д.Мөнхжаргал ийн ярилаа.
-Өсвөр үеийнхэнд мансууруулах, донтох, сэтгэцэд нөлөөлөх эм, бодис, түүний хор хөнөөлийн талаар танин мэдүүлэх, ажлуудыг хийж байгаа. Гэвч үр дүн нь тийм ч сайн биш санагддаг?
-Эрүүл мэндийн хичээл программаар биш хөтөлбөрөөр ордог байсан үе бий. Харин 2004 оноос эрүүл мэндийн боловсролын стандартыг баталсан байдаг. Үүний хүрээнд эрүүл мэндийн хичээлээр үзэх сэдэв, агуулгын тоог ч нэмсэн. Эрүүл мэндийн боловсролыг бага, суурь, бүрэн дунд гээд гурван төвшинд үзэж, судлахаар агуулгыг нь нарийвчлан зааж өгсөн байдаг. Энэ хичээлээр архи, тамхи, мансууруулах бодисоос хэрхэн сэргийлэх, түүний хор хөнөөлийн талаар, сэтгэцийн эрүүл мэнд, эмийн зохистой хэрэглээний талаар зааж байгаа. Эрүүл мэндтэй холбоотой нэгж хичээлүүд 5-аас доошгүй цагаар ордог.
-Эрүүл мэндийн багш нарын ур чадвар хэр байна вэ. Тэдний ур чадварыг ахиулах, дээшлүүлэх талаар ямар ажлуудыг хийж байна вэ?
-Ерөнхий боловсролын сургуулийн багш нараас эрүүл мэндийн багш нар харьцангуй олон сургалт, семинарт хамрагддаг. Энэ салбарт гадны байгууллагууд ч өргөн хүрээтэй хамтарч ажилладаг. Харин эрүүл мэндийн багш нар тогтвортой ажиллахгүй байгааг үгүйсгэхгүй. Өсвөр үеийнхнийг мансуурах, донтох байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд эмнэлгийн ажилтан, гэр бүл, сургууль уялдаа холбоотой ажиллахад бид анхаарч байна. Энэ талаар Эрүүл мэндийн нэгдэл, Боловсролын байгууллагуудтай хамтарч ажиллахаар ярьж, төлөвлөж байна.
-Өсвөр үеийнхэнд мансууруулах бодисын талаарх хичээлийг багагүй цагаар ордог юм байна. Заах багш нарынхан ур чадварт ч анхаарч байгаа гэлээ. Гэтэл мансуурч байгаа хүүхдийн тоо яагаад буурахгүй байна вэ?
-Өсвөр үеийнхэн эрсдэлд өртөх магадлал их өндөр. Мөн тэд энэ насандаа юм бүхнийг сонирхож, шохоорхож байдаг. Энэ мэт тэдний онцлог араншин эрсэлд ороход хүргэдэг. Сургалтын арга барилыг ч гэсэн тэдний онцлогт тохируулж өөрчилвөл эрсдэлд орохоос сэргийлэх нэг арга болж болно шүү дээ.