Францын нийслэл Парист төвтэй “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагаас жил бүр дэлхийн улс, орнуудын хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтийг хэвлэл мэдээлэлд нөлөөлөх улс төр, хүмүүсийн оролцоо, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөө зэрэгт тулгуурлан судлан тогтоосноор жагсаалт гаргадаг. Энэхүү жагсаалтад нийт 179 орны нэр бичигдснээс Монгол Улс өнгөрсөн 2011-2012 оны үеийнхээс хоёр байраар урагшлан, 98-д жагсчээ. Тус байгууллагаас Монголын хэвлэл мэдээллийн итгэлцүүрийг 29.93 хэмээн дүгнэсэн байна. Харин тус жагсаалтыг тэргүүлж, хэвлэл мэдээлэлд хамгийн таатай, хэвлэлийн эрх чөлөө сайтай орноор гурав дахь жилдээ Финланд улс тодорсон бол хэвлэлийн эрх чөлөөгүй орнуудаар Хойд Солонгос, Эритри зэрэг орнууд нэрлэгджээ. Манай хойд хөрш ОХУ-ын хувьд хэвлэлийн эрх чөлөөний жагсаалт\нд өмнөх жилийнхээс зургаан байраар ухарч, 148-д бичигдсэн бол урд хөрш БНХАУ нэг байраар урагшилж, 173-д бичигдсэн байна. Харин англи хэлтэй орнуудаас Шинэ Зеланд жагсаалтын наймдугаарт бичигдсэн бол Канад /20/, Австрали /26/, Их Британи /29/, АНУ /32/ зэрэг орнууд хэвлэлийн эрх чөлөөгөөрөө бусдыгаа хошуучилжээ. Энэ жилийн жагсаалтад Малави улс хамгийн олон буюу 71 байраар урагшилж, 75-т нэрлэгдсэн бол эсэргээрээ өдгөө босогчдод эзлэгдээд буй Мали улс 49 байраар ухарч, 74-т бичигдсэн байна.
Түүнчлэн тус байгууллагаас хэвлэлийн эрх чөлөөний байдлыг нь өнгөөр дүрслэн гаргасан газрын зурагт Монгол Улс улбар шар өнгөөр буюу хэвлэлийн мэдрэмжгүй, хагас эрх чөлөөтэй орон хэмээн тодорхойлогджээ. Түүнчлэн ОХУ улаан буюу хатуу хяналттай, БНХАУ хар буюу маш хатуу хяналттай орноор дүрслэгдсэн байна. Тус газрын зургаас үзвэл Ази тивд хэвлэлийн эрх чөлөө сайтай орнуудаар Япон, Өмнөд Солонгос тодорсон бол Монгол, Киргизстан, Непал, Бутан, Тайвань зэрэг улсууд хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орноор үнэлэгджээ.
Хэвлэлийн эрх чөлөө сайтай улсын жагсаалтын эхний аравт: Финланд, Нидерланд, Норвеги, Люксембург, Андорра, Дани, Лихтенштейн, Шинэ Зеланд, Исланд, Швед зэрэг орнууд багтсан байна. Харин хэвлэлийн эрх чөлөөг үл ойшоодог гэж тодорхойлж болох буюу сүүлийн аравт бичигдсэн орны тоонд Судан, Куба, Вьетнам, БНХАУ, Иран, Сомали, Сири, Туркменистан, Хойд Солонгос, Эритри улсууд багтсан байна.
Б.АНХТУЯА