“Архигүй Монголын төлөө” сүлжээ хоёр нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2013.01.30-нд нийтлэгдсэн

“Архигүй Монголын төлөө” сүлжээ хоёр нас хүрлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын Үндэсний олимпийн хорооны “Бөртэ чоно-2010” тэргүүн дээд шагнал гардуулах ёслолд оролцохдоо ард түмэндээ хандан архи хэрэглэдэггүй Монгол болохыг уриалсан юм.
Ерөнхийлөгч уг ёслолын үеэр хэлэхдээ “Шинэ жилээ айл өрх архигүй тэмдэглэж байгаа бол, шинэ жилээ архигүй тэмдэглэж байгаа хамт олон байгаа бол Монголын төрийн нэрийн өмнөөс баяр хүргэе. Архи өнөөдөр манай нийгэмд тулгамдсан хамгийн эмзэг, хамгийн аймшигтай асуудал болоод байна. Балчир жаахан хүүхдүүд хүртэл өнөөдөр энэ хорыг хэрэглэдэг болжээ. Архи гоо сайхантай зохицохгүй. Архи Монголын бахархалтай зохицохгүй. Архи монголчуудын амжилттай зохицохгүй. Энэ цаг мөчөөс эхлээд миний аяга, миний хундаганд архи байхыг би хүлээн зөвшөөрөхгүй. Би ард түмэндээ хандаж, мөн таны аяганд, хундаганд архи байхыг энэ цаг мөчөөс эхлэн та битгий зөвшөөрөөч гэж хэлмээр байна.
 
Хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж байгаа тэр мөчид, яг 12 дугаар сарын 31-ний 24.00 цагийн сүүлчийн минут цохилох тэр мөчид ард түмэндээ хандаж үг хэлэхэд миний хундага, миний аяганд архи байхгүй. Тэнд сүү, эсвэл цай байх болно.Архи хэрэглэдэггүй хувь хүн, архи хэрэглэдэггүй айл өрх, архи хэрэглэдэггүй хороо хорин, архи хэрэглэдэггүй хот айл, архи хэрэглэдэггүй хамт олон, архи хэрэглэдэггүй монгол, архи хэрэглэдэггүй нийгэм болохын төлөө энэ цаг мөчөөс бүгдээрээ хамтарч ажиллацгаая гэдгийг энэ индрээс уриалъя” гэж байлаа.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Архигүй Монголын төлөө хамтдаа” уриалгыг иргэний нийгмийн хөдөлгөөн, төрийн бус байгууллагынхан дэмжиж улмаар 2011 оны нэгдүгээр сарын 30-нд “Архигүй Монголын төлөө” үндэсний сүлжээ байгуулагдсан юм.
 
Уг сүлжээний хоёр жилийн ой өнөөдөр тохиож Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд уг ойд зориулсан хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн бага хуралд “Архигүй Монголын төлөө” үндэсний сүлжээний Соён гэгээрүүлэх ажлын хэсгийн дарга Ж.Цогтсугар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тэргүүн дэд захирал Л.Насанцэнгэл, “Эрүүл, идэвхтэй амьдрал” клуб зэрэг байгууллага, хөдөлгөөний төлөөлөгчид оролцлоо.
 
Өнгөрсөн хоёр жилд “Архигүй Монголын төлөө” үндэсний сүлжээнийхэн 3000 залууг архинаас татгалзахад нь тусалж ажил төрөлтэй болгосноор тэдний ар гэрийн олон мянган хүн амьжиргааны эх үүсвэртэй, амар амгалан амьдралтай болсныг Архигүй Монголын төлөө” үндэсний сүлжээний Соён гэгээрүүлэх ажлын хэсгийн дарга Ж.Цогтсугар танилцууллаа.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж