![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/1/d07ab2fc2e2f9e48/f1fcfdf2d88736faoriginal.jpg)
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга, ноён У Бангуо “Цаг агаар хүйтэн байгаа ч гэлээ Монголын ард түмний халуун найрамдлыг мэдэрч байна. Монгол Улсад анх удаа би айлчилж байна, энэ удаагийн айлчлалаар Хятад, Монголын стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, парламент хоорондын солилцоог эрчимжүүлэхэд дэвшил авчирна гэдэгт бүрэн төгс итгэж байна” гэлээ. Мөн Хятад, Монгол хоёр улс нь уул усаараа холбогддог төдийгүй, 4700 км газар хиллэж байна. Найзыг сонгож болдог ч хөршийг сонгож болдоггүй, Хятад, Монгол хоёр орны харилцаа 60 гаруй жилийн түүхийг туулаад байна. Тэр дундаа 1990-ээд оноос хойш эдийн засгийн харилцаа эрчимтэй хөгжиж, цоо шинэ харилцаа үүссэн болохыг онцлон тэмдэглэлээ.
Хэлэлцээ одоо хаалттай болж байгаа бөгөөд нэг цаг орчим үргэлжилнэ. Үүний дараа талууд санамж бичигт гарын үсэг зурах юм. Хэлэлцээрт Монгол Улсыг төлөөлөн УИХ-ын дарга З.Энхболдоос гадна УИХ-ын дэд дарга М.Энхболд, Гадаад харилцааны сайд Л.Болд, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний сайд М.Сономпил, Монгол-Хятадын парламентын бүлгэмийн дарга дарга, УИХ-ын гишүүн М.Батчимэг, тус парламентын гишүүн, УИХ-ын гишүүн Д.Батцогт, С.Бямбацогт нар оролцож байна. Хятадын талаас БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Сяолун, БНХАУ-ын Гадаад явдлын дэд сайд Жан Жизюнь, БХАТИХ-ын Байнгын хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Цао Вэйжоу, БНХАУ-ын Худалдааны дэд сайд Жун Шань нарын зэрэг албаны хүмүүс оролцож байна.