Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын “Чингис бонд”-ыг олон улсын зах зээлд арилжаалсан. Ингэхдээ 500 сая ам.долларыг таван жилийн хугацаатай, нэг жилийн хүү нь 4.125 хувь байхаар, үлдэж байгаа нэг тэрбум ам.долларыг 10 жилийн хугацаатай, нэг жилийн хүү нь 5.125 хувь байхаар тооцож гаргасан юм. Харин бондын эргэн төлөлт 500 сая ам.долларыг 2018 оны нэгдүгээр сарын 5-нд хийж дуусгахаар төлөвлөсөн бол 10 жилийн хугацаатай нэг тэрбум ам.долларын бондын хүүг 2023 онд хийж дуусгахаар төлөвлөсөн. “Чингис бонд”-ын талаарх сүүлийн мэдээлэл гэвэл энэ. Үүнээс хойш бондын хөрөнгийг чухам юунд зарцуулах гэж байгаа, цаашид хөрөнгийг хэрхэн өсгөх, хүүг нь хэзээнээс төлж эхлэх вэ гэхчлэн асуултууд хариултгүй хэвээр байгаа. Зарим нэгэн төрийн бус байгууллага, иргэний нийгмийнхэн “Бондоос босгосон мөнгөө юунд зарахаа шийдэж амжаагүй байхад хүү төлж эхлэх нь” хэмээн их л бачимдуу буй. Хэвлэлийнхэн ч салбарын сайдыг дуугаа хураасан шалтгаанаа тайлбарлахыг шаардсаар байгаа. Тэгвэл Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр ирэх долоо хоногт энэ талаарх мэдээллийг өгөхөөр болсон байна. Тэрбээр бондын хөрөнгийг хэрхэн юунд зарцуулах талаар тодорхой мэдээлэх ажээ. Баттай эх сурвалжийн батлан хэлснээр өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газар бондын хүүнд нэг ч төгрөг төлж эхлээгүй гэнэ.
Д.ЦЭЦЭН