Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн өнөөдрийн шүүх хуралдаанаар Г.Бямбаа, Д.Сэнгээрэнцэн, Б.Ариунцэцэг нарт холбогдох хар тамхи худалдан борлуулсан, хадгалсан гэх хэргийг хянаж, тэдэнд оноосон ялыг хэвээр үлдээлээ. Өмнө нь Баянгол дүүргийн шүүхээс Г.Бямбааг хар тамхи худалдан борлуулсан гэм буруутай болохыг тогтоож, долоон жил чанга дэглэмтэй хорих ангид хорих, харин Д.Сэнгээрэнцэн, Б.Ариунцэцэг нарыг хар тамхийг борлуулах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан гэм буруутай гэж үзэн, зургаан сар баривчлах ялыг өнгөрсөн 2012 оны арваннэгдүгээр сарын 05-нд оноосон юм. Харин Нийслэлийн шүүх уг хэргийг 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байсан юм.
Г.Бямбаа нь хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис агуулсан бэлдмэлийг бусдад худалдан борлуулах зорилгоор олж авч, өнгөрсөн оны нэгдүгээр сарын 10-наас хойш нэг сарын хугацаанд өөртөө хадгалж байжээ. Харин Д.Сэнгээрэнцэн, Б.Ариунцэцэг нар нь худалдан борлуулах зорилгогүйгээр сэтгэцэд нөлөөлөх бодис агуулсан бэлдмэлийг Г.Бямбаагаас авч, хадгалсан нь ийнхүү гурван шатны шүүхээр нотлогдож байна.
Д.ЖАРГАЛ