Харин Порт-Саид хотод цагдаагийн хэсгүүдийн ойролцоо жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсчээ. Энэ үеэр нэг хүн алагдсан бөгөөд армийнхан жагсагчдын хотын шоронг дайрах гэсэн оролдлогыг таслан зогсоож чаджээ. Мөн Каир хотын Тахририйн талбайн ойролцоо сөрөг хүчний нэгэн хүнийг дробинкаар буудан хөнөөсөн байна.
Сөрөг хүчнийхний мэдэгдсэнээр Дотоод хэргийн яамны ажилтнууд, “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний байгуулсан бүлэглэлийн гишүүд байшингийн дээвэр дээрээс дробинкаар жагсагчдыг буудаж байгаа гэнэ. Эрх баригчид мэдээлэхдээ мөргөлдөөнд есөн цэрэг, хоёр офицер шархдаж, цагдаагийн хоёр машиныг жагсагчид шатаасан гэлээ. Онц байдал зарласны хүрээнд армийнханд жагсагчдыг барих зөвшөөрөл олгосон ч цэргийнхэн хэрэг явдалд оролцоогүй байна.
Байдлыг тогтворжуулахын тулд хэлэлцээр явуулах гэсэн Мурсигийн саналыг Египетийн сөрөг хүчин эрс үгүйсгэв. Нобелийн энх тайвны шагналт Мохаммед аль-Барадеи Twitter дэх өөрийн хуудсанд “Саяын цус урсгалтын хариуцлагыг ерөнхийлөгч өөртөө аваагүй, үндэсний авралын засгийн газар байгуулахаар амлаагүй, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг бэлтгэх бие даасан комиссийг байгуулаагүй цагт яриа хэлцэл хийх нь хоосон цаг алдсан зүйл” хэмээн бичсэн байна.
Дашрамд дурьдахад, ХБНГУ-ын засгийн газар үзэхдээ хэдийгээр Египетэд хүчирхийлэл явагдаж байгаа ч шинэ удирдлагатай нь яриа хэлцлээ үргэлжлүүлэх ёстой гэсэн байв. “Яриа хэлцлээ хумих нь ноцтой алдаа болно” гэж Германы Гадаад хэргийн сайд Гидо Вестервелле (Guido Westerwelle) хэлээд, харин Египетийн шинэ удирдлагатай харилцаагаа бэхжүүлэх нь чухал гэжээ.
“Эргэлзээгээ орхин шүүмжлэл гарч буй ч Египет дэх ардчилалд дахин нэг боломж өгөх ёстой” гэж сайд ярьж байна. Хувьсгал шууд замаар хөгждөггүй, тэр нь гол төлөв бартаат замаар алдаа оноотой явдгийг сайд сануулахдаа бас сөрөг хүчинтэй холбоогоо таслахгүй гэлээ.
Мохаммед Мурси өнөөдөр Германд анхны айлчлалаа хийх юм. Түүнийг холбооны ерөнхийлөгч Йоахим Гаук (Joachim Gauck) хүлээн авна. Мөн тэрээр холбоон канцлер Ангела Меркельтай (Angela Merkel) уулзаж ярилцах ажээ.