БНХАУ-ын “Чалко” компанитай байгуулсан гэрээний дагуу нүүрс нийлүүлснээс гэрээгээ цуцалсан нь Монголд ашигтай байж болохоор нөхцөл байдал үүсч байна. Гэрээг хамтарсан Засгийн газрын үед байгуулсан ч Ардчилсан намын нөхдүүд засаг төрөө өөрсдөө удирдаад ирмэгцээ Богд хаан нэгэнтээ хэлсэнчлэн “Би чинь юу хийчихэв ээ” хэмээн гаслан суусан дүр зургийг давтахад хүрэв. Учир нь эл гэрээнд нүүрсний үнэ ханш дэлхийн зах зээл дээр 110 ам.долларт хүрэхэд 70 ам.доллараар, 70 ам.доллар болон унавал 53 ам.доллар болгон буулгах заалтыг оруулсан нь үнэхээр гайхал төрүүлж буй юм. Зүүн Цанхиас гарах нүүрсний 80 хувийг зөвхөн “Чалко”-д нийлүүлэх зэрэг хэт нэг талыг барьсан гэрээ байгуулсан нь ямар нэгэн эрх ашиг нөлөөлсөн байх хардлагыг төрүүлэх болсон.
Тавантолгойн уурхай энэ хэвээрээ ажиллавал Монгол Улсад ашиггүй байх магадлал өндөр болсон тул уг гэрээг цуцлах асуудлыг Засгийн газар ярилцаж эхэлсэн байна. Олон улсын гэрээ цуцалснаар нөхөн төлбөр төлөх нь гарцаагүй боловч ашиггүйгээр ажлаа үргэлжлүүлж байснаас цуцлах нь зөв юм гэж гүйцэтгэх засаглалынхан үзэж буй бололтой.
Д.СУРА