Ганц биржээ гадныханд алдах нь ээ

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Ганц биржээ гадныханд алдах нь ээ

Боловсон гадуурхал.
"Монголын Хөрөнгийн бирж" хувьцаат компанийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх удирдлагын багийг сонгон шалгаруулах тендерийг Төрийн өмчийн хорооноос өнгөрсөн баасан гарагт зарласан юм. Тендер зарлаад ердөө гуравхан хонож байгаа ч гадаадын нэлээд хэдэн компани материалаа ирүүлсэн гэх мэдээлэл байна. Гэхдээ аль улсын ямар нэртэй компаниуд гэдэг нь одоохондоо тодорхой бус байгаа юм. Ямартай ч, "Монголын Хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ-ийн дарга Л.Ганбатын хэлж байсанчлан Герман, Хонгконг, Японы компаниуд түлхүү сонирхож байгаа аж. Харин үндэсний компаниуд өрсөлдье гэвч ТУЗ-өөс тавьсан болзлыг биелүүлэхэд ихээхэн хүндрэл учирчээ. Ер нь энэ ажиллагаа анхнаасаа хөрөнгийн биржээ гадныханд өгөх сонирхол агуулсан нь илт мэдрэгдэж байсан гэхэд болно. Хэдийгээр өнгөн талдаа гадаад, дотоодын хувийн өмчит этгээд, тэдгээрийн консерциум өрсөлдөж болно гэх боловч бусад нөхцөл, шаардлагуудаас үндэсний компаниудад боломж тун хомс гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм.
Жишээ нь, "Шалгаруулалтад оролцогч хуулийн этгээд болон удирдлагын багийн гишүүд нь үнэт цаас, хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулсан туршлагатай байх ёстой" гэсэн шаардлага буй. Тэр ч бүү хэл, уг шаардлагаа "Ялангуяа зах зээлийн эдийн засгийн харилцаа шинээр хөгжиж байгаа орнуудад нэвтрүүлсэн туршлага, чадвар эзэмшсэн байх" гэсэн чимгээр тодотгож өгсөн. Манайд яг энэ чиглэлээр олон улсын хэмжээнд туршлагатай компани байхгүй ч мэдлэг боловсролын хувьд гологдохооргүй боловсон хүчин, санхүүгийн хувьд чадвартай компани цөөнгүй бий.
Гагцхүү гадныхныг хэт тахин шүтсэн сэтгэлгээ тэдэнд боломж олгохгүй байна. Хөрөнгийн биржээ анх удаа шинэчлэх тухай ярьж байгаа хэрнээ Монголд энэ чиглэлээр туршлага хуримтлуулсан компани байна гэж төсөөлсөн нь сонин. Үндсэндээ энэ бол үндэсний компаниуд наашаа зүглээд хэрэггүй гэсэн боловсон гадуурхал байлаа. Тиймээс ТУЗ-ийн гишүүдийн тааллаар зөвхөн гадны компаниуд хоорондоо тоглох нь ойлгомжтой болж байна. Тендерийн материал хүлээн авах хугацаа ирэх сарын 11-нд дуусгавар болох юм билээ. Энэ болтол дэлхийд томоохонд тооцогдох биржүүд ч анхаарлаа хандуулж мэднэ гэсэн яриа бий. Үнэхээр нэр хүндтэй биржээс мэргэжлийн баг шалгараад өөрчлөлтийг хийсэн шиг хийхийг үгүйсгэх газаргүй. Гэвч "Хүний хүү хүрэн бөөртэй" гэж бас нэг үг бий. Өнгөн талаасаа өндөр хөгжил, өвөрмөц технологи нэвтэрч байгаа юм шиг харагдавч өгөх ашиг нь өөр тийшээ урсаад эхлэх ч юм билүү хэн мэдлээ. Дэлхийн хаана ч хүн бүр, байгууллага бүхэн ашгийн төлөө л ажилладаг. Бид байгаа бололцоогоо дайчлаад өөрсдөө зүтгэж болох л байсан. Харамсалтай нь сонгон шалгаруулалт нэг иймэрхүү "шог" байдлаар нэгэнт эхлээд явчихлаа.

"ХҮНИЙ НОХОЙ ИДЭХЭЭР ӨӨРИЙН НОХОЙ ИД"
Хөрөнгийн бирж бол нэг ёсондоо дэлгүүр. Гэвч энэ дэлгүүрийн лангуун дээр Монголын брэнд болсон компани, орд газруудын хувьцаа бараг байхгүйтэй адил. Өнөөдрийн байдлаар ердөө 43-хан компанийн үнэт цаас арилжаалагдаж байгаа нь хөрөнгийн биржийн хөнжлийн хэмжээг илтгэдэг. Хууль дүрэм байгаад ч нэмэр алга. Уг нь 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд "Стратегийн ач холбогдол бүхий ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10 хүртэлх хувийг Монголын Хөрөнгийн биржээр арилжих ёстой" гэсэн заалт бий. Гэвч энэ нь биелэлээ олохгүй л байна. Уг нь бидэнд том баялагуудаараа хөрөнгийн биржээ хөгжүүлэх таатай боломж байдаг. Гадны сүйхээтэй нөхдүүд нөөц нь ч гүйцэд тогтоогдоогүй орд газрын лицензийг олон улсын бирж дээр хувьцаа болгон хувиргаж, мөнгө цохиж байна. Харин бид ашиг орлого нь хорь гучин жилдээ тодорхой болчихсон "Эрдэнэт" үйлдвэрээ хүртэл ингэж ашиглаж чадахгүй байгаа шүү дээ.

Зөв цагт зөв менежмент хийвэл манай орд газруудын хувьцаа ямар эрчимтэй борлогдохыг "Таван толгой"-н жишээ харуулж байгаа. Ерөнхий сайдын "Зуун хувь өөрсдөө эзэмшинэ" гэдэг үг, үүнээс улбаалж үндэсний компаниуд "Монгол 999" нэгдэл байгуулсан нь хөрөнгийн биржийн үнэт цаасны гүйлгээнд бараг л хувьсгал хийсэн гэхэд болно. Сүүлийн үед "Таван толгой"-н хувьцаа 200 мянган ширхэг хол давж борлогддог болсон. Нөгөөтэйгүүр нөөцийн хувьд хоёр толгой маань дэлхийд тэргүүлэх эгнээнд багтаж байгаа учраас хувьцааны борлуулалт нь хүссэн хүсээгүй сайн байна. Манай улс зөвхөн стратегийн ордуудаа түшиглэсэн томоохон бирж байгуулах ч боломжтой. Монголд дэлхийн анхаарлыг төвлөрүүлэх хэмжээний уул уурхайн бирж байгуулж болохыг хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд хэлдэг. Ер нь манайд баялаг байгаа учраас томоохон бирж шаардлагатай нь ч ойлгомжтой. Энэ нь хөрөнгийн зах зээлийн салбараа хөгжүүлэх давуу тал. Өөрөөр хэлбэл, бие биенээ эргүүлэх хос араа гэсэн үг. Дэлхийд тэргүүлэх ордтой улсад мөн тийм зиндааны бирж байх л ёстой.

Энэ их боломжийн өмнө зогсож байгаа бид гадны компанид санхүүгийн чухал салбараа атгуулна гэдэг байж боломжгүй шийдвэр санагдана. Давуу талаа ашигладаггүй бидний энэ назгай байдлыг анзаарсан дэлхийн хөрөнгийн зах зээлийн том "акулууд" Монгол руу өнгөлзөж эхэлсэн нь ч тодорхой болж байна. Манай стратегийн орд газруудын хувьцааг зарах асуудлаар Хонгконгийн "Nasdaq" биржтэй гэрээ, хэлцэл хийнэ гэж "Монголын Хөрөнгийн бирж" ХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Ганбат хэлж байсан. Нэг талаас, олон улсын зах зээлд оролцох нь боломж мэт боловч нөгөө талаас, бид өөрсдийн хийх ажил, олох ашгаа бусдад алдана л гэсэн үг шүү дээ.

Ч.Дашдэлэг
Зохиогчийн эрх:
“Улс төрийн тойм” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж