ҮТЕГ-ын удирдлагуудыг ямар хэрэгт буруутгав?

Хуучирсан мэдээ: 2013.01.30-нд нийтлэгдсэн

ҮТЕГ-ын удирдлагуудыг ямар хэрэгт буруутгав?

Үндэсний татварын ерөнхий газар /ҮТЕГ/-ын нэр бүхий удирдах албан тушаалтнуудыг Авлигатай тэмцэх газрын ажилтнууд баривчлан, шалгаж эхлээд байгаа. Албаны эх сурвалжууд энэ талаар “Улсын төсөв, орлого, хяналтын газрын Судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат, Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, байцаагч О.Бямбасүрэн нарыг баривчлан, шалгаж байгаа” гэсэн мэдээлэл өгөөд байгаа. Энэ хэргийн талаар Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах албаны албаны мэргэжилтэн П.Билгүүнээс тодрууллаа.

-Яг ямар үндэслэлээр ҮТЕГ-ын удирдлагуудыг саатуулсан юм бэ?

-Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх нарын дөрвөн хүнийг саатуулсан нь үнэн. Тэднийг хууль бусаар хөрөнгөжсөн, улсын төсөвт төвлөрүүлэх ёстой олон тэрбум төгрөгийг нуун дарагдуулсан, хээл хахууль авсан байж болзошгүй гэж үзэн Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байгаа.

-Энэ хэрэгт Ч.Гансүхийн хүүг хамт цагдан хорьсон гэж үнэн үү? 
  
-Түүний хүү татварын байгууллагаас өөр байгууллагад ажилладаг хэдий ч хамсаатан байж болзошгүй гэж үзсэн.  

-Тэднээс нэг сэжигтнийг Төв аймагт цагдан хорьсон гэсэн. Хаана саатуулаад байгаа вэ?

-Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж