Ч.Сайханбилэг шинэчлэлээр “өвчлүүлэх” үүрэг өглөө

Хуучирсан мэдээ: 2013.01.30-нд нийтлэгдсэн

Ч.Сайханбилэг шинэчлэлээр “өвчлүүлэх” үүрэг өглөө

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өнөөдөр Гадаад харилцааны яаман дээр сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ. “Шинэчлэл”-ийн гэх тодотголтой Засгийн газрынхан өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн болоод хойшид хийхээр төлөвлөсөн ажлуудыг танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Засгийн газар шинэчлэлийг кабинетаас эхлэн өглөөний 08.00 цагт ажлаа эхлэх, хурлаа амралтын өдөр явуулахаас эхлээд хэлбэр болоод агуулгын хувьд шинэчлэгдэж байгааг тэрбээр ярианыхаа эхэнд онцлов.

Гүйцэтгэх засаглалыг хамгийн түрүүн оролцооны буюу иргэдээ сонсдог, түүнийхээ дагуу ажлаа хийдэг, хоёрдугаарт бүх шийдвэрээ танилцуулдаг “тунгалаг”, дараагийн дугааот юу хийснээ тайлагнадаг Засгийн газар байхаар ажиллаж буй ажээ. Иргэдээ сонсохоор “1111” төвийг байгуулсан бол тунгалаг байхын тулд  zasag.mn сайтыг нээн ажиллуулах болжээ. Олон улсын санхүүгийн корпорациас гаргасан бизнес эрхлэлтийг дэмжих зэрэглэлээр манай улс 180 орноос 86-д жагсдаг байсан бол өдгөө 76 болон хэдэн алхам урагшилсан байна.

Тиймээс нэн түрүүн “Цахим нэг цонх” хөтөлбөрийг хэрэгжүүлж, бизнесийн салбарын хүнд суртал, авлигыг багасгах зорилгоор барилга, хил гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын зөвшөөрлийн тоог бууруулах, иргэний болоод эд хөрөнгийн бүртгэлд иргэдийг чирэгдүүлдэг байдлыг халахаар хэд хэдэн төсөл боловсруулснаа Ч.Сайханбилэг сайд танилцууллаа. Тэр бүгдийг шинэчлэлийн Засгийн газар хэрэгжүүлж амжвал иргэд бид 300 гаруй нэр төрлийн үйлчилгээг нэг дороос 15 минутын дотор авдаг болохын дээр үйлчилгээ үзүүлэх ордон нь төрийн ордноос ч тансаг орд харш байна гээд бод доо. Мөн хороо, цагдаагийн тодорхойлолтыг яг л АТМ-ээс мөнгө авах мэт  дугаарлан зогсож байгаад авчихна. Барилгын зөвшөөрөлд 19 шат дамжлагаар 208 өдрийг зарахгүй дөрвөн үе шаттай 13 процедурыг туулаад 59 хоногийн дотор л авдаг болно. Мөн аж ахуйн нэгж компаниуд татварын алба руу жилд 41 удаа биш 14 удаа очдон болно. Яаралтай тусламжийн  дуудлага 10-12 минутын дараа шаардлагатай газарт хүрнэ. Энэ бүхэн одоохондоо үлгэр мэт л сонсогдож байгаа биз. Гэвч үлгэрийг бодит амьдрал болгоно гэдгээ Ч.Сайханбилэг сайд амлалаа. Харин энэхүү шинэчлэл зорилго зорилтоо  дунд доод шатны ажилдаа хойрго албан хаагчдаар баллуурдуулахгүйн тулд рүү иргэдийг, чиглүүлэх, нийгмийг бүхэлд нь шинэчлэлээр “өвчлүүлэх” үүргийг сэтгүүлчдэд ногдуулсан.

Засгийн газрын хэрэг эрхлэх газар гэдэг Засгийн газрын “гал тогоо” байдгийн хувьд сэтгүүлчид түүнээс нийгмийн дунд үүсээд байгаа олон асуултад хариулт авахыг хүссэн. Төмөр зам, автозам, Чалкогийн гэрээ, төрийн албаны халаа сэлгээ, шатахууны үнэ ханш, сайтын сэтгэгдэл, Засаг дарга нарын томилгоо гээд орхиогүй сэдэв бараг үгүй. Энэ бүхэнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг хэрхэн хариулсан талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид удахгүй хүргэнэ.

Д.ЦЭЭПИЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж