Тэгвэл АНУ-д эмчилгээ хийлгэж буй Олимпийн алт, мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр тамирчдад олгох урамшууллын батламж гардуулах ёслолд зориулж Монгол Улсын Ерөнхийлөгчид мэндчилгээ ирүүлжээ.
Мэндчилгээг уншиж сонирхоно уу.
Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгаж, алс холын Америк орноос мэндчилж байна.
Эрхэм Монгол Улсын Ерөнхийлөгч өө.
Олимпийн наадам, Паралимп, олимпийн наадмын төрөл, зай, жинд багтдаг сонирхогчдын спортын төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насан туршид нь сар бүр мөнгөн тэтгэлэг олгохоор болсон нь Монгол улсын спортын салбарын түүхэнд анх удаагаа тохиож байгаа онцгой шийдвэр болсон юм. Бид энэ шийдвэрийг сонсоод маш их баярласан. Монголын ард түмэн, спортод элэгтэй хүн бүхэн л ийм л бодолтой байгаа болов уу.
Миний бие энэхүү мөнгөн урамшуулалыг олгох ёслолд биечлэн оролцож чадахгүй АНУ -д хөлдөө мэс засал, эмчилгээ хийлгэж байна. Таны шийдвэр олон тамирчин, залуучуудад ирээдүйн их амжилтанд хүрэх эрч хүчийг нэмсэний сацуу их амжилтын оргил руу зорин тэмүүлж яваа алдарт тамирчдын залгамж халааг бэлтгэхэд ихээхэн чухал ач холбогдолтой юм.
Биеийн тамир, спортын салбарын хөгжилд төрөөс анхаарал хандуулж манай тамирчдын амжилт өсч байгааг “Бээжин-2008”, “Лондон-2012” зуны олимпийн наадмуудад Монголын баг тамирчид 2 алт, 4 мөнгө, 3 хүрэл хүртсэн нь Монгол Улсын Ерөнхийлөгч таны зүгээс оруулсан хувь нэмэртэй салшгүй холбоотой юм.
Олимпийн дэвжээ гэдэг залуу хүний чилийсэн дөрвөн жилийн нөр их амьдрал, зүтгэл, бие сэтгэлийн бэлтгэлийг шалгасан хатуу ширүүн хөдөлмөр байдаг. Тамирчны амжилт нь нэг агшинд гарч, маш их хариуцлагыг дагуулан, онцгой их ачаалалыг давж туулах хэрэгтэй байдаг. Олимпийн тэнгэрт эх орныхоо төрийн соёмбот далбааг хоёр удаа өргөн мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлж, дэлхий нийтэд Монгол орныхоо нэрийг хүргэн цуурайтуулж байсан үе саяхан санагдаж байна.
Монголын тамирчид тив, дэлхий, олимпийн тавцанд нэр алдраа дуурсгаж алтан соёмбот далбаа байнга мандуулан бадруулж явахын өлзийтэй сайхан ерөөлийг та бүхэнд дэвшүүлж байна. Манай ард түмний амжилт ялалт, бахархлын буухиа үргэлжлэх болтугай.
МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр.