У Бангуогийн айлчлал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.01.30-нд нийтлэгдсэн

У Бангуогийн айлчлал эхэллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга, ноён У Бангуо манай улсад албан ёсны айлчлал хийхээр өнөө өглөө 10.45 цагт Улаанбаатар хотын Буянт-Ухаа дахь олон улсын нисэх онгоцны “Чингис хаан” буудалд тусгай нислэгийн онгоцоор хүрэлцэн ирлээ.

Хүндэт зочныг Монголын талаас УИХ-ын дэд дарга М.Энхболд, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар,  УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Төгсбилгүүн болон албаны хүмүүс, Хятадын талаас БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Сяолун, Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Чан Ваньлун болон албаны бусад хүмүүс угтаж, монгол үндэсний хувцастай бүсгүй хадаг, мөнгөн аягатай цагаан идээний дээж өргөн барив.  Ноён У Бангуог дагалдаж БНХАУ-ын Гадаад явдлын дэд сайд Жан Жизюнь, БХАТИХ-ын Санхүү, эдийн засгийн комиссын даргын орлогч Вэй Лючэн, БХАТИХ-ын Байнгын хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Цао Вэйжоу, БНХАУ-ын Худалдааны дэд сайд Жун Шань нарын зэрэг албаны хүмүүс, хэвлэл мэдээллийн 30 гаруй байгууллагын сурвалжлагчид ирж байгаа аж. БХАТИХ-ын Байнгын хорооны дарга У Бангоугийн айлчлал нь УИХ-ын 2012 оны сонгуулиар байгуулагдсан шинэ парламентын хувьд хоёр дахь, 2013 оны анхны томоохон айлчлал юм. 

Ноён У Бангуог угтах хүндэтгэлийн ёслол өнөөдөр 15 цаг хагаст Сүхбаатарын талбайд болох бөгөөд үүний дараа УИХ-ын дарга З.Энхболд, ноён У Бангуо нар уулзалт хэлэлцээ хийх юм.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж