Монголын барималчид олон улсын уралдаанд түрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.29-нд нийтлэгдсэн

Монголын барималчид олон улсын уралдаанд түрүүлжээ

Олон улсын мөсөн баримлын уралдаанд монгол авьяастан түрүүлжээ. АНУ-ын Колорадо мужийн Брекернрижид энэ сарын 22-28-нд болсон “Breckenridge International Snow Sculpture” хэмээх шилдэг мөсөн баримал шалгаруулах уралдаанд оролцсон Монголын барималчид XIII зууны үеийн морьтон баатруудыг дүрсэлсэн “Монголын цэрэг эрс” бүтээлээрээ тэргүүн байр шалгарчээ. Мөн “People’s Choice Award” буюу Олны таашаалд нийцсэн бүтээлээр тодорсон байна.

Монголын барималчид 20 тонн мөсөөр энэхүү баримлыг урлажээ. Наадмын ерөнхий шүүгчээр ажилласан “Breckenridge Arts District”-ийн төлөөлөгч Жен Крейм уг бүтээлийг “Монголын хээр талд давхиж яваа эрэмгий, догшин, дайчин эрсийг нүдэнд харагдтал, үнэхээр гүн сэтгэгдэл төрүүлэхүйц дүрсэлж чадсан” хэмээн үнэлсэн байна.

Тус уралдаанд Монголын барималчдаас гадна өөр 14 орны уран бүтээлчид оролцсон бөгөөд хоёрдугаар байрт Испанийн баг “Banyista Nua” бүтээлээрээ шалгарч, гуравдугаар байрт Эстонийн барималчид “Koit” бүтээлээрээ шалгарчээ.

Барималчид долоо хоногийн хугацаанд буюу энэ сарын 22-26-ны хооронд баримлаа урласан бөгөөд 28-нд буюу өчигдөр шилдгийг тодруулжээ. Өнгөрсөн жил тус наадамд Канадын уран бүтээлчид “Great Expectations” бүтээлээрээ тэргүүлж байсан юм.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж