Монголын ширээний теннисний холбооны нэрэмжит өсвөрийн тамирчдын чансаа тогтоох тэмцээн маргааш “Оч” теннисний клубт эхэлнэ. Тэмцээн 12 доош нас, 13-15 нас, 16-18 насны ангиллаар болох бөгөөд УБ хотын клубууд болон Баянхонгор, Хөвсгөл, Говьсүмбэр, Дархан, Эрдэнэт, Хэнтий, Төв аймгийн 100 гаруй тамирчид оролцож байна. Энэхүү тэмцээнд өнгөрсөн жилийн багийн ДАШТ-нд оролцсон А.Анх-Эрдэнэ, Хөвсгөлийн А.Батдэлгэр мөн Азийн хүүхдийн их наадмын аварга М.Дэлгэрмаа, Г.Индраа нарын шилдэг тамирчид өрсөлдөж байна. Тэмцээний аваргууд ирэх баасан гаригт буюу хоёрдугаар сарын 1-нд тодорно.
Энэхүү тэмцээний үеэр МШТХ-ны зүгээс 2012 оны шилдэг тамирчдад холбооны нэрэмжит шагналыг гардуулах аж.
МШТХолбооны өнгөрсөн оны шилдэг тамирчдыг танилцуулбал:
- 12 доош нас, охид н.Эрдэнэбаяр “Оч” клуб
- 12 доош нас, хөвгүүд М.Ундрам “Оч” клуб
- 13-15 нас, охид н.Цэндсүрэн “Хөтөл”
- 13-15 нас, хөвгүүд н.Хүслэн “Хангарьд” клуб
- 16-18 нас, эмэгтэй М.Дэлгэрмаа “47-р сургууль”
- 16-18 нас, эрэгтэй Т.Мөнхжин “Оч” клуб
- Залуучуудын ангилалд эмэгтэйд спортын дэд мастер А.Анх-Эрдэнэ, эрэгтэйд спортын мастер Э.Лхагвасүрэн
- 40-50 насны эрэгтэйд спортын мастер Г.Жаргалсайхан, эмэгтэйд ОУХМ О.Бадамцоо, 50-59 насанд эмэгтэйд Т.Лхагвадорж, 60-аас дээш насны эрэгтэйд н.Тэмүүжин нарын өнгөрсөн жилийн шилдэгүүд болжээ.
Өсвөрийн чансаа тогтоох тэмцээн өндөрлөсний дараа хоёрдугаар сарын 2-нд н.Чинбат эзэнтэй “Каркас” ХХК-ны нэрэмжит эрэгтэй, эмэгтэй “ТОП-10” тамирчны тэмцээн болно. Тус тэмцээний зургаан сая төгрөгийн шагналын сантай бөгөөд улсын шигшээ багийг шалгаруулах сонгон шалгаруулалтын сорил тэмцээн билээ.
Сануулахад, энэ оны тавдугаар сард Францын нийслэл Парис хотноо ганцаарчилсан төрлийн ДАШТ болох бөгөөд дээрхи цуврал тэмцээнүүдээс тамирчдын сонгон шалгаруулж улсын шигшээ багийг бүрдүүлэх билээ.
Ч.БОЛ