Дайны дараа ард түмнээ өлсгөж байгаад гангийн үйлдвэрээ түрүүлж барьсныг нь бодохоор Япон улсын өнөөгийн хөгжлийг гайхах зүйл алга. Тэд улс орны хөгжлийг бүтээн байгуулалтын гол зэвсэг болсон гангийн үйлдвэрээр тодорхойлох ёстойгоо тун эрт ухамсарласан нь өнөөгийн амжилтад хүргэсэн. Сүүлийн үед манай улс дотооддоо гангийн үйлдвэртэй болох талаар эрчимтэй ярьж эхэллээ. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд бодлогын төвшинд яригдсан төслүүд байсан ч төдийлөн шат ахихгүй байсан юм. Саяхан төмрийн хүдэр экспортолдог 12 аж ахуйн нэгж нэгдэж Монголын төмөрлөгийн үйлдвэрлэгчдийн холбоо байгуулсан. Тэдэн дундаас “Монгол ган нэгдэл” компани үүсэн байгуулагдлаа. Тэдний зорилго бол гангийн үйлдвэртэй болж, дотоодын төмөрлөгийн хэрэгцээг хангах. Манай улсад гангийн үйлдвэртэй болох шаардлага бий юу гэвэл мэдээж байгаа. Бүтээн байгуулалт жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь гангийн импортыг тэр хэрээр өсгөж байна. Тухайлбал, уул уурхайд баяжмалын үйлдвэрийн зардлын гол хэсэг болох ган бөмбөлөг, шинээр барьж байгаа орон сууцны үнийг тодорхойлоход үндсэн шалтгаан болдог арматур төмөр, бусад төмөр хийц зэрэг нь импортын хэмжээг өсгөсөөр байгаа юм. Гэтэл манай улс 2003 оноос төмрийн хүдэр олборлож эхэлсэн түүхтэй. Гэвч төмрийн хүдрийн экспортод төрийн бодлого дутагдсанаас одоогоор түүхийгээр нь урд хөрш рүү зөөхөөс өөр аргагүй байгаа. Өөрөөр хэлбэл, түүхий эдээ гадагш нь зөөгөөд, хариуд нь түүнээс ч илүү өртгөөр ган худалдаж авч байгаа юм. Энэ гажуудлыг засах хамгийн оновчтой арга бол дотооддоо гангийн үйлдвэртэй болох. Том жижиг нийлсэн 8-9 үйлдвэр барих асуудлыг төмрийн хүдэр экспортлогч компаниуд ярьж байгаа юм билээ. Ойролцоогоор гурван жилийн хугацаанд барихад 1.3 тэрбум ам.доллар хэрэгтэй гэнэ. Үүнд уурхайнуудын дэргэд байрлах хүдрээ баяжуулах, хагас боловсруулах үйлдвэрүүд болон ширэм, гангийн үйлдвэр багтаж байгаа аж. Байрлалын хувьд дэд бүтцээ дагаад Дархан, Чойр, Сайншанд, Хөтөлд гэсэн хувилбаруудыг нэрлэж байсан. Хувийн хэвшлийнхний зорьж байгаа нэг зүйл нь 2016 онд дотооддоо гангийн үйлдвэртэй болох. Хэрэв босгоод авбал үр дүн нь шууд мэдрэгдэх нь дамжиггүй. Хамгийн энгийн жишээ бол орон сууцны салбар. Шинээр барьж байгаа орон сууцанд хэрэглэдэг арматурын үнэ хамгийн багадаа 20 хувь буурна. Дотоодоосоо нийлүүлэх учир тээврийн болон бусад олон төрлийн зардал хэмнэгдэх юм. Хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 9000 ажлын байр бий болно. Үүнээс 1200 нь гангийн үйлдвэрт ногдох аж.
Өөрсдөө ган үйлдвэрлэдэг болсноор ямар ач холбогдолтой талаар маш олон зүйлийг дурдаж болно. Төмөр зам, хөдөө аж ахуй, барилга гээд ган хэрэглэдэггүй салбар өнөөдөр үгүй. Хүнд үйлдвэрийн суурь болсон төмөрлөгийн үйлдвэрийг эх орондоо барих ажлыг хувийн хэвшлийнхэн шуурхайлахыг зорьж байна. Гэхдээ тэдэнд төрийн дэмжлэг, туслалцаа хэрэгтэй. Энэ талаараа ч байр сууриа илэрхийлсээр байгаа. Төрөөс 30 хувь, хувийн хэвшил 20 хувь, гадны зээл тусламж 50 хувь гэсэн хуваарилалтаар санхүүжилтээ босгож чадвал нийт хөрөнгө оруулалтаа долоо, зээлийн хөрөнгө оруулалтаа таван жилийн дотор нөхөх боломжтой гэж байна.
Жилдээ хоёр сая тоннын хүчин чадалтай ширэм, гангийн үйлдвэрүүд барилаа гэхэд 1.2 сая тонн коксжсон нүүрсийг Тавантолгойгоос авна. Өөрөөр хэлбэл, бүх түүхий эдээ дотоодоосоо хангах бүрэн боломж бий. Төмрийн хүдэр олборлогчид хүдрээ нойтон аргаар баяжуулж экспортлох барилд шилжиж байгаагаа дуулгасан. Одоогоор нойтон баяжуулах хоёр үйлдвэр ашиглалтад ороод байгаа. Эдгээр нь “Мон-лаа”, “Бэрэн”. Харин дараа жил “Монгол металл майнинг”, “Засаг-Чандмань” гэж хоёр компани үйлдвэрээ ашиглалтад оруулна. Бусад нь баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулах төсөл, бэлтгэлээ базаагаад ажиллаж байна. Төмрийн хүдрээ түүхийгээр нь зөөх бол мухар зам. Гол учир нь үнийн зөрүү. Одоо түүхийгээр нь 65 ам.доллараар өгч байгаа хүдрийг баяжуулж гаргавал тонн тутамд 100 ам.доллар болж нэмэгдэх боломжтой аж. Улмаар баяжуулсан хүдрээ гангийн үйлдвэртээ ашигладаг болох нь улс орны эдийн засгийг тэтгэх мөнхийн хөдөлгүүр гэдгийг тэд онцлоод байна.