Хуулийн төслүүдийг нэгтгэнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.29-нд нийтлэгдсэн

Хуулийн төслүүдийг нэгтгэнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Тус байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын болон УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбогдуулан УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн зургаан хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэх санал М.Зоригт гишүүн гаргасан. Үүнийг байнгын хорооны гишүүд дэмжиж,  хамтад нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн гурван хуулийн төсөл нь анхны хэлэлцүүлгийн шатанд, гурван хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураах байсан юм. Гэвч С.Бямбацогт, Д.Ганхуяг нараас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдүүдийг хууль санаачлагчид өөрсдөө  эргүүлэн татсан юм. Ингэснээр хэлэлцэх эсэхээр санал авах хоёр төслийг дэмжиж, байнгын хороо нэгтгэхээр боллоо. Мөн УИХ-ын болон УИХ-ын дэгийн тухай хуулийн төслүүдийг нэгтгэж байгаа учраас Р.Гончигдорж гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гаргах байнгын хорооны тогтоолын төслийг батлахаар болсон юм.

Үүний дараа байнгын хорооны хуралдаанаар “Уул уурхайн хөгжил” түр хороо байгуулах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ түр хороонд орох хүсэлтэй гишүүд УИХ дахь намын бүлгүүдээр дамжуулан саналаа ирүүлэх боломжтой гэдгийг хууль санаачлагчид онцоллоо.  Уул уурхайн хөгжил түр хороо нь томоохон уул уурхай болон бичил уул уурхай, гар аргаар олборлолт эрхэлж буй иргэд гэх мэтчилэн уул уурхайтай холбоотой бүх асуудалд оролцож, нэгдсэн цогц мэдээлэлтэй болох зорилготой гэж хууль санаачлагчид онцолж байлаа.

Хууль санаачлагчдын нэг Ц.Даваасүрэн “Ганцхан жишээ дурьдахад орон нутаг гадаадын хөрөнгө оруулалттай томоохон орд үйл ажиллагаагаа эхлүүлсэн байхад Монголын Засгийн газар мэдэхгүй байсан. Ямар ч хүн мэдэхгүй байхад хариуцаж буй яамных нь зөвхөн Кадастрын албаны дарга Хонконгийн хөрөнгө оруулалттай компани байгаа юм гээд яриад сууж байдаг. Энэ мэтчилэн олон асуудал бий.Уул уурхай түшиглэж хөгжих гэж байгаа бол юуны түрүүнд хэд нь гадаадын хөрөнгө оруулалттай, хэд нь дотоодын хөрөнгө оруулалттай ямар үйл ажиллагаа, хаана явуулж байна гэх мэтчилэн бид олон талын мэдээллийн санг бүрдүүлж, арга хэмжээ авдаг байя гэсэн үүднээс энэ түр хороог байгуулж байгаа юм” гэлээ.

Байнгын хорооны гишүүд “Уул уурхайн хөгжил” түр хороо байгуулах УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж, УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж