Бидний мөнгө хаашаа урсч байна вэ?

Хуучирсан мэдээ: 2013.01.29-нд нийтлэгдсэн

Бидний мөнгө хаашаа урсч байна вэ?

Төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн зарлагын хэмжээ 2005 оноос хойш 25 дахин өсч, 100 тэрбумаас 2.5 их наядад хүрсэн байна. Энэ нь жилд дунджаар 53 хувиар өссөн үзүүлэлт юм. Төсвийн санхүүжилт гэдэг татвар төлөгч та бидний халааснаас гарч буй мөнгө. Гэтэл эгэл иргэд энэ талаар огт сонсоогүй өнөөдөртэй золгосон. Магадгүй манай эрхтэн, дархтанууд ч төсвөөс зарлагадсан мөнгийг ийм “аюултай” өссөн гэж төсөөлөө ч үгүй байж мэднэ. Харин санхүүжилтийн үр дүн төдийчинээ өссөн үү гэвэл эргэлзээтэй. Төлөвшин тогтворжиж амжаагүй эмзэг эдийн засагт гэнэт их хэмжээний мөнгө орж ирэх нь аюулыг бодитоор нь дагуулдгийг Дэлхийн банкны эдийн засагч  Захид Хаснайн анхааруулж байна. Уул уурхайд түшиглэн хөгжиж буй манай орны хувьд өсөн нэмэгдэж буй төсвийн хөрөнгө оруулалтыг дэд бүтцэд хандуулснаар урт хугацааны ашиг болон эх орондоо үлдэнэ гэсэн санааг тэрээр дэвшүүлсэн юм. Урьд өмнө нь уул уурхайгаас олсон ашгаа хишиг хувь болгон тараах учиргүйг дотоод гадаадын олон эдийн засагч хөндөж байсан. Зарим орны туршлагаар  Тогтворжуулалтын сан байгуулан эрсдэлтэй үед ашиглах нь зүйтэй хэмээн зөвлөсөн нь цөөнгүй. Тэр ёсоор ч Монгол Улс Тогтворжуулалтын сантай болсон. Харин Захид Хаснайн хувьд уул уурхайгаас олсон ашгаараа дэд бүтцээ бодлоготойгоор хөгжүүлэх, нийслэл хотоо санхүү, эдийн засгийн хувьд бие даалгах, гадаадын ажиллах хүчнийг татах зэрэг асуудлыг хөндөн тавьснаараа онцлог байсан юм.

Дэд бүтцийн хөгжлөөрөө арын эгнээнд жагсчээ

Катар улсын хүнд хүчир ажлыг нугалж буй хүмүүсийн 70 хувь нь гадаадын ажилчид байдаг ажээ. Яг тэдэн шиг бусдын хөдөлмөрийг ашиглахгүйгээр Монгол Улс хөгжихгүй гэж дэлхийн банкны эдийн засагч онцолсон. Шинээр тавихаар төлөвлөсөн төмөр зам, автозам, цахилгаан станц, Сайншандын үйлдвэрлэлийн парк гэхчилэн томоохон бүтээн байгуулалтад ажиллах хүчин үнэхээр хүрэлцэхгүй. Улсын хэмжээнд нэг сая 50 мянган хөдөлмөрийн насны хүн ам байгаагийн 1/3 нь хөдөө  аж ахуйн салбарт ажилладаг гэсэн мэдээллийг залуу эдийн засагч Б.Эрдэнэбат хэлсэн юм. Үүнээс үзвэл үнэхээр ажиллах хүчин үгүйлэгдэх нь ойлгомжтой. Гэтэл манай улсын гадаадаас ажиллах хүчин оруулж ирэх хууль хэт хатуу чанга заалттайг  мөн үеэр хөндсөн.  Ажиллах хүчингүйгээр хурдацтай хөгжих боломжгүйн дээр хөгжлөө даган орж ирэх санхүүгийн нөөц боломжийг шаардлагатай газарт үр дүнтэй ашиглах нь бодлого боловсруулагчдын хамгийн эхний сорилт байх нь. Захид Хаснайн хувьд өндөр чанартай дэд бүтцэд хөрөнгө оруулах нь хамгийн ашигтай хувилбар гэж үздэг ажээ. Өнөөдрийн манай улсын дэд бүтцийн хөгжлийг автозамаар жишээлэн тайлбарлалаа. Дэлхийн өрсөлдөх чадварын илтгэлд автозамын хөгжлөөрөө манай улс 142 орноос 118 дугаарт жагссан бөгөөд улсын чанартай  замын 60 хувь нь “муу” гэсэн үнэлгээтэй ихээхэн засвар үйлчилгээ шаардлагтай гэсэн тодорхойлолттой. Гэтэл замын засвар гэсэн ойлголт бараг үгүй болж,  “барьсан-орхигдуулсан-дахин барьсан” гэсэн циклд орсноос дэд бүтцийн хөгжил нь хурдацтай нэмэгдэж буй эрэлтээсээ ямагт хоцорсоор байх нь ойлгомжтой. Тэгэхээр уул уурхайгаас олсон ашгаа дэд бүтцийн салбарын хөгжилд зориулахад буруудах юун билээ.

“Хот-эдийн засгийн хөгжлийн мотор”

Өнөөдөр манай улсын хүн амын 45 хувь нь нийслэлдээ амьдарч байна. Хойшид ч энэ тоо өсөх магадлалтай. Хүн амын хэт төвлөрлөөс нийслэлийн агаарын бохирдол нэмэгдэж, замын түгжрэл үүсч байна гэж бид бухимдацгаадаг.  Харин эдийн засагч Захид Хаснайн хүн ам өсөхөөс бүү ай  хэмээн зөвлөж байна. Тэрээр үүнийгээ “Хот бол хөгжлийн тулгуур, эдийн засгийн хөгжлийн мотор. Төвлөрлөөс бий болох эдийн засгийн өгөөжийг чухалчлах цаг болсон” гэсэн үгээр баталгаажуулна лээ. Өнөөдрийн Улаанбаатарт тохиолдож буй бүх бэрхшээлийг хүн ам олширсноос бус хотоо алсын бодлогогүй хөгжүүлсэнтэй холбон тайлбарлаж байгаа юм. Хүн амынх нь тал хувь Улаанбаатарт амьдардаг байтал улсын төсвийн 20 хүрэхгүй хувь, Зам тээврийн яамны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний ердөө нэг хувь нь нийслэлд ногдож буй нь дэндүү чамлалттай тоо гэв.

Сангийн яам “сайн хаалгач” байж чадах уу?

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын зардал хэдий хэрээр өссөнийг сурвалжлагынхаа эхэнд дурдсан. Төсвийн мөнгөөр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн тоо ч төдий хэрээр нэмэгдсэн. Харин үр дүн муу байгааг Дэлхийн банкны эдийн засагч Захид Хаснайн  онцолжээ. Уг нь Сангийн  яам “сайн хаалгач” байх ёстой.  Үр дүн муу байгаагийн нэг шалтгаан нь яам, тамгын газрын ажил хариуцсан мэргэжилтнүүдийн хүрэлцээ, ур чадвар юм. Сүүлийн найман жилийн хугацаанд хөрөнгө төсөв 25 дахин нэмэгдсэн ч хөрөнгө оруулалтын хэлтсийн ажилтны тоо зургаа байснаа долоо болон өссөн гэсэн хошин гэмээр мэдээ гарчээ. Үнэндээ мэргэжилтнүүд төсөл хөтөлбөр дундаа төөрч суугаагаас бус хэрэгжилтийг нь хянах, чанарыг сайжруулах зав зай ч олддоггүй бололтой. Төсөл хөтөлбөрүүд анх танилцуулсан үеийнхээс тэс өөр болж хэрэгждэг, амьдралд буухдаа цаасан дээр төлөвлөснөөс эрс муудсан байдгийн учир энэ ажээ. Шинээр батлагдсан Төсвийн тухай хууль нь чанаргүй хийгдсэн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, төсөөллийг хазаарлах магадлалтайг Дэлхийн банкнаас онцолж байлаа. Манай улсын хувьд шууд гэрээгээр хийгдэх ажил зонхилж буй нь улстөрийн оролцоо их байгааг харуулдаг байна. 2007 онд л гэхэд бүх гэрээний 43 хувь нь шууд хийсэн гэрээ байсан бөгөөд хойшид нээлттэй тендерийн хэлбэрийг илүү сонгууштай юм байна. Шууд гэрээгээр хийгдсэн төслийн чанар өрсөлдөөнөөр олгосон төслөөс муу үр дүнтэй байгаа нь Монголд ихээхэн алдагдал учруулж  болзошгүйг  эдийн засагч анхааруулж байсан. Түүнчлэн төсвөөс гадуур хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийг Хөгжлийн банкаар дамжуулан хэрэгжүүлж байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай зөрчилдөж байгаа юм. Өнгөрсөн онд л гэхэд Хөгжлийн банк улсын төсвийн тал хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг /580 сая ам.доллар/ зээлдүүлчихээд байгаа ч ихэнх нь орлого бий болгохооргүй салбарт ногджээ. Тус банкнаас олгож буй зээлийн ердөө хоёрхон хувийг банкны өөрийнх нь хөрөнгө байгаа нь тун чамлалттай үзүүлэлт аж. Амжилттай ажиллаж буй Хөгжлийн банкуудын зээлийн 12-30 хувь нь банкны өөрийн хөрөнгөөс бүрддэг байх жишээтэй. Энэ мэт бодууштай, бодоод ч зогсохгүй болгоож хэрэгжүүлмээр санааг дэлхийн банкны эдийн засагч Захир  Хаснайн олныг хэлсэн.

Д.ЦЭЭПИЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж